Сүхийн талбай дээр зургаан зуу гаруй хүмүүс зургаа авахуулахад би заавал оролцох учиртай болоод дөнгөж амтанд нь орж байсан ажилаа дэлгээстэй чигт нь орхичихоод гарсан юм. Цаг барин ирсэн минь буруудаж, зургаа авахуулах хүмүүсийг бүрэн цуглартал лавтайяа нэг цаг хүлээх нь. Ийнхүү Соёлын төв өргөө орчимд цаг нөхцөөхөөр театрын музей шагайваа.
Бүх л музейд ороход намайг юу угтаж байгааг мэддэгүй ч танил газартаа орж буй мэтээр дээш шатаар алхалав. Танхимуудын дундуур цонхоор тусах нарны дулаан элчийг багахан харж сатаарав. Үзмэрүүд тийм ч сэтгэл татаагүй нь харсаар дасчихаад тоохгүй байгаа зүйл шиг. Кино зураглаачдын хуучны төхөөрөмжийг ажин зогстол дэргэдэх сонины газраас сурвалжлагч байрын нэг хүүхэн гарч ирэн, зогтуссанаа, - Монгол уу гэв. Инээвхийлэн, - Тиймээ, гадаад хүн шиг харагдав уу гэж асуутал хариултад минь итгээгүй бололтой дахин - Монгол уу гэж асуув. Би мөн л инээмсэглээд, гадаад хүн шиг харагдаад байгаа юм уу гэж асуутал цаадах маань ч өөрөө инээгээд цаашаа алга болов.
Бодвол энэ музейд бараг хүн орж ирдэггүй биз. Догшин хутагтын Саран хөхөө жүжгийн эх зохиол энд бий эсэхийг лавлахаар тайлбарлагч дуудуулав. Даржин бөгөөд хиртэй хувцасласан нэгэн салхинд туугдсан амьтан шиг залуу хормын дараа надад бараалхахаар иржээ.
Байцаагчийн төрх олсон би бээр аль болох боловсон харьцахыг хичээн Догшин хутагтын хийгээд ер бусад жүжгийн зохиолуудын эх хувь хаана байгааг хэлж өгөхийг шаардав. Мань эр нэлээн булзах, мэлзэх санаа агуулсан бодолтой өнгөөр ярьж эхлэхийг үзвээс энэ нөхөр ойрын хэдэн сар тайлбарлагчийн ажил хийгээгүй моньд байх нь.
Равжаагийн жүжгийн зохиол эдний архивт, харин бусад жүжгийн зохиолын дийлэнх нь Драмын театрт байдгийг сонcмогц бушуу түүнээс салахын түүс болоод баярласан, талархсанаа илэрхийлэн харцаараа хөөж гэж хэлээд үдлээ.
Урлагийн байгуулгуудын хана, тааз, шал, үзмэрийн шилэн гадарга гээд бүгд л боловсон хүчнээр ангаж цангасаар, хир буртагт дарагдахын дээдэд хүрсэн байдал энд ч намайг хүлээж байгааг би түрүү мэдэж байж л дээ. Цэргийн музей, Үндэсний түүхийн музей, өөр аймаг, сумдын музей бүгд л нэгэн ижил. Зэвүүцэлтэй нь надад юу ч тайлбарлаж хэлдэггүй мөртлөө сул цалин авдаг ажилчид энэ нөхөр юу хулгайлах гэж үүгээр шиншилээ юм бол гэсэн шиг анхнаасаа хүйтэн хөндий харьцах нь өөрсдийг нь харин ямар нэгэн зүйлд сэрдэх санаа өгнө. За бусдын явдлыг өөлөх юүхэв. Ийн ямар ч ашиггүй бодлоор өөрийгөө зовоосны эцэст тус музейг үтэр түргэн орхин гарах сэдэл төрөв.
Монгол орон хувьсгалаар олж авсан эрх чөлөөний нэгэн хэлтэрхий XX зууны театрын түүхийг өгүүлэх танхим руу орж үзэлгүй гарч явав.
Өнгөрсөн хавар эртэд болсон нэгэн явдал энэ зуур толгойд орж ирэв. Миний нэгэн танил гурав, дөрвөн зуун мянган төгрөгний өртэй нэг залууг гол гаргаад л яваад байсан юм. Гэтэл нэг өдөр оройхон жаахан хатан бор хүртье гэсээр намайг авахаар ирэхдээ өнөө залуутайгаа цуг явж байв. Өндөр биерхүү биетэй, халзан толгойтой маасайтлаа инээсэн тэр залууг урд нь би хоёр, гурав харж байсан бөгөөд энэ залууд танил маань баахан хар наймааны өртэй гэдгийг гадарлах тул өнөөдрийн уулзалт жирийн хэрэг биш болохыг багцаалав.
Тэр хоёр хаа хүрэхээ урьдаас тохирсон мэт Амжиргааны гудамжаар хойш эргэн, Алтайн 18 гэсэн гудамжаар орж явчихав. Би дотроо энэ гэр хороололд ирж архи уух нь юу ч билээ гэж ундууцсан ч байдлыг харахаар шийдлээ. Ногоон нуурын тахирласан олон гудамжийг сүлбэн явсаар нэгэн цэвэрхэн өлзий хээтэй дааман хаалгаар бид машинтайгаа орлоо.
Жижгэвтэр хоёр давхар хятад маягийн тагз бүхий хашаанд хөглөрч, саларсан түмэн зүйлийн новш овоорчээ. Хашааны хойд буланд хуванцар сав, лааз бүхий том том таар овоолсон харагдана.
Нөгөө хоёр тамхиа асаангаа намайг орьё хэмээн дотогш дуудан орвол жирийн нэгэн ядуувтар айл байх шиг санагдлаа. Хэн ч алга.
***
Мань хоёр зуухны араар гэнэт доош газар руу эргэн орохыг би чимээгүй л даган явсаар доод өрөөг заагласан том царсан хаалгыг нэвтрэв. Доош нэвтрэн ортол халуу дүүгээд л явчихлаа. Нууц дэн буудал, тоглоомын газруудад ноёрхогч нөгөө л улаан өнгө угтан авав. Энд караокэ, массаж, тоглоомны өрөө, вип-ангилалын өрөөнүүдтэй нэлээн том газар бололтой. Бид хэд вип-өрөөнд орон ойр зуурыг хөөрөлдсөөр зөөгчийн дөнгөж задалсан орос архинаас хэд гурав татлаа. Утасны сүлжээ ажилдаггүй юм байна. Нөгөө хоёр маань дуулцгаахаар болж энэ зуур бараг бид буухиа уултаар нэг шил архины ард гарчээ. Удалгүй палей шатааж эхлэх үест нөгөө хоёр нарийн ширийн яриандаа оров бололтой. Миний танил Халзанд нэг Мерседес хүссэн хэмжээнд нь тултал хямдхан олж өгөхөөр тохирч, хэрвээ ингэсэн тохиолдолд өөрийн дөрвөн зуун цаасны өр цайх тухай за зу дээрээ нөгөө хоёр гар барив бололтой. Танилын царайг харвал тэр мурьж байгаа нь илт бөгөөд, халзан ч бас ходруулах гэж байгаа гэдгээ мэдсэн янзтай ч нэг их ил гаргасан юмгүй сууна. Ажиглагчийн байрлалаа эвдэхээр ярианд оролцож сүүлд Говь-Алтай явсан сониноо дэлгэж эхлэтэл Халзан би Говь-Алтайнх шүү дээ гэж халамцан догдоллоо. Тэр бас намайг говь руу явсан хэргийг гойд сонирхож байх юм.
***
Халзан, танил хоёр уусаар, дуулсаар үлдэв. Би бие засахаар гарахдаа покерийн ширээн дээр халуухан юм болж байгааг харсан тул тийш очихоор хорхойслоо.
Өрөөнд ортол улаан зээрд болсон Халзан нааш суу гээд дахин архи хундагалангаа:
- Хөгшөөн, мань уул нь тэр Бензийг авчихвал хойшоо явах гээд байгаа юм аа. Уул нь сайхан эд л дээ. Тэгэхдээ одоо бол маньд нь яг бэлэн 8200 л байна. Цаад зарах гээд байгаа хүн нь 9000 гэсэн юм билээ. Уул нь ч тийм машин ес байтугай арав гараад явахаар үнэтэй гэдгийг чи мэдэх байх. Энэ хэргийг бүтээчихвэл мань чинь хойшоо аль болох түргэхэн л гарчихмаар байгаа юм аа гэв. Нүдийг нь харахад нэлээдгүй согтуу юм шиг мөртлөө ярьж хэлэхийг нь сонсоход сайн даадаг залуу шиг санагдаад
- Болох биз дээ, хөгшөөн. Цаад чинь уул нь нэг хийе гэсэн юм аа бүтээдэг л хүн дээ гэтэл
- Тэр ч бүтэх л байх л даа. Мань бас чамтай хойшоо явахаасаа өмнө ярих юм байна аа гээд ээрэв.
- Гадаа тоглож байгаа гаруудын бооцоо нэлээд хаялцаж байгаа юм шиг байна. Хэдүүлээ очиж жаахан суухгүй юм уу гэж сөргүүлтэл
- Хэрэггүй, наад ширээ чинь мэдрэгчтэй. Боль, бид хожихгүй угаасаа гэж яриа таслаад өөрийнхөө яриаг цааш үргэлжлүүлэн
- Мань чамтай ярих өөр нэг хэрэг байна аа, цаадах чинь чамайг ийм юм бараг л бүтээчих хүн гэж хэлсэн. Чи динозаврын өндөг сонирхохгүй биз?
- Би түүгээр яахав дээ, ямар үзмэр болгож тавих гэртэй биш.
- Үгүй дээ, мань чамайг олоод өгөөч гэж гуйж байгаа юм. Нэг нь л гэхэд хоёр сая гаруй ашигтай. Цэвэр ашиг нь шүү. 12 ширхэг хэрэгтэй байгаа юм гээд яг нүд рүү ширтлээ.
- За даа, тэр ч бүтэхгүй биз дээ. Хаанаас ч тэрийг олох вэ дээ. Бүх юм нь бүртгэлтэй, нягт нямбай байгаа шүү дээ. Хэн тэгээд тэр өндөгнүүдийг авах юм бэ гэж асуугаад түрүүн хийж өгсөн хундагатай архийг хамартаа дөхүүлэн үнэрлэв.
Энэ лүд хятадуудтай ойрхон гэж үнэн л юм байна. Тэр шавар зөөгөөд байсан эрлийз Халзантай цуг явж байгааг дээр буруу хараагүй байна.