Урлан хот



Тийм сэлүүхэн тэнгэрт

Ийм сэрүүхэн дуу ...

Л.Ө

Урлан хот руу нүргэлэн хурдлах галт тэрэг Урлан улсыг өмнөдөөс өрнө рүү ган гинжин хэлхээсээр тасар татан давхина. Хотын төв өртөөн дээр их үдийн алдад галт тэрэгнээс буухад их халуу шатаж, чөлөө зайгүй ургасан мөлхөө ургамлын хурц үнэр угтлаа. Хөлсний тэргээр өртөөнөөс буйдхан хотын төв рүү хүрч явах зам зуур хэдэн төө урт ургасан чөлөөт материуд салхинд найгана. Харин Урлан улсын хүмүүст өнөөдөр гэдэг үг хангалттай учираас тэд төсөөлөх шаардлагагүй. Өөрийнхөөрөө байхад хангалттай.

Хотын төвд орших “Хонгорцог бөөн үрсийн тос” гэдэг буудалд хөлсний тэргээр ирмэгц танимхайрахыг хичээсэн навтгар шар үйлчлэгч махилзан угтаад бичиг баримтаа өгнө үү гэж хуурмаг хоолойгоор инээмсэглэн хэлэв.

Хана туургыг нь битүү уйгар хивсээр бүрсэн урт шатаар дээш алхах зуурт ханан дээрх эд хогшлыг сониучирхав. “Түвд үсгийг сэдсэн санаанаас мушгирч ороолдоод нэг оронд нэгдсэн тухай тогтоол уншихыг мөрөөсч буй дээрхийн гэгээн мутараа ширтэн суугаа нь”

хэмээн уртаар бичсэн үгийг дэргэдэх хивсэнд шагласан тухай урд ирэхэд ерөнхий даамал нь сайрхан байсан санагдав.

Дөрвөн давхарын урт хоёр хонгилын үүдэнд нөгөөх хятад нүд, чих, амаа тагласан гурван сармагчины, зулзага насны хөгжилдөж яваа сийлбэр өлгөсөн нь надад тун догь санагдаж билээ.

Урлан хотын хөдөлгөөн үдшийн бүрий татах үеэр нэмэгдэж хотын шөнийн цэнгээний газраар намдуу хөгжмийн аялгууд эгшиглэж байна. Зөөгчдийн зөрөлдөөн дундуур зоогийн газрын буланд суугаа хоёрыг эндэхийн хүмүүс гадны гийчид гэдгийг нь андахгүй мэдэх ба харин ч их эелдэг харилцдаг. Шинээр танилцсан хүнд Урлан хотынхон заримдаа бүр ярьсан бүхэнд нь амжилт хүсч, гараас нь чанга гэгч атгаж ирээд итгэл бялхсан харцаар шагнаж ч чаддаг сайхан цайлган хүмүүстэй гэж олон ард хуучлах дуртай.

Урд нь Урлан улсын ардууд нийтээрээ тийм байсан гэдэг. Хожмоо иргэн гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрсөн Бархад хэмээх зунгаг их утаанд суунагласан нийслэл энэ улсад бий.

Эндхийн хүмүүсийн хооллож байгаа нь уцаартай чимээнд дөжирсөн Бархадын ардуудаас ангид өөр санагдана. Эгэл мөртлөө өөртөө тааламжтай гэж ойлгож ч болох юм. Ийм гэнэтийн харилцаанд ороход хуучин хотдоо дассан эвдэрхий хандлага минь анх бол балмагдах мэт болж билээ.

Урлан хотоор бид нийтдээ гуч гаруй удаа ажил хэргээр ирсэн юм. Санаснаа чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олмогц ахин дахин ирэх учир ургадаг л даа. Энэ хотод ирэх бүрт Бархадын шөнийн тэнгэр зулын тортогт харлаж түлэгдсэн мэт өнгөртэй, алаг цоог бүдэгхэн одод энд тэнд нь сүүмэлзсэн, яалт ч үгүй иргэн явдалын балагт унасан газар болохоор назгайрч байгаад харамсаад болдоггүй юм. Урлан улсын хаяа хярхаггүй уудам нутаг, байгалийн олон тогтоц бүрэлдсэн газар нутагт тэр хот жижигхэн орон зайг эзэлдэг болохоор түр тайвшрах боломж олдоно.

Эзэгнэн булаах, эрэлхийлэн тэмцэлдэх авирыг ихээр ашиглаж явахыг амьдрах үндсэн хэв шинж гэж үзэх хүмүүс Бархадад олон.

Шөнө нэлээн орой өрөөндөө ирээд цонхоо цэлийтэл нээхэд амьд агаар амтагдана. Араас нь аргалын утаа үнэртэй. Тэнгэр тасман хар хөх торгон дээр алмас эрдэнийг шигтгэн хатгасан шиг үзэгдэнэ. Зүүн хаяанд томоо гэгчийн гэрэлтэгч сувд энэ буйдхан хотыг бүхэлд нь сүүн цайвар униараар уусган авч хотын бүх ардыг шөнө дунд гэхэд оронд оруулна. Бүх үдшийн цэнгээний газар шөнө дундаас хойш ажиллахгүй ба баргийн дэлгүүр хомс энэ хотод амьдрал энэ маягаараа болоод л байдаг юм. Тэд үүнээсээ уйддаггүй, Бархад хотынхонтой байнгийн харилцаатай ч эндээ ингээд уйтгартай амьдралаа итгэлтэй үргэлжлүүлж чадах самбаатай үлджээ.

Ард урланчууд хотын иргэн болж хувьсах үес олон хүн Урлан хотоос явцгаасан. Тэр үе бол шуудан, галт тэрэгний хавьцаа мал бэлчиж байсан саяхны цаг шүү дээ.

Энэхотын нэг яруу найрагчийн бичсэн

“Тийм сэлүүхэн тэнгэрт

Ийм сэрүүхэн дуу ... ” гэдэг шүлэг бий. Энэ шүлэг шиврээ бороон дундаа шимширч дассан Бархадын хүмүүст эмзэг нарийн санагддаг гэдэг.

Дэвтрийн хуудасны салхинд юу ч юм бэ хийснэ

Дэмий санаанд ч үгүй, тэр салхийг үнэрлэвэл ...

Г.А

Ийн тэр шүлэг тасалдаад нойрноос сэрлээ. Хачин хөнгөн биетэй босоод хөшиг дэврэх цонхоор ургахын улаан наран урт жолоо юугаа туйлбан мандах эгшин таарлаа. Хот ажин түжин. Гудамж талбай хүн зонгүй ажээ.

Савхин хүрэмний хэрэггүй халуу шатаж мэдэхээр байгаа тул нимгэн цамцтай гараад шилээ зүүтэл хотынхон аль эрт босоцгоосон байжээ. Хотын төв цэцэрлэгийн дэргэдүүр алхах хар шил минь цэнгэлдэх тойрон гүйх хүмүүсийг нэг бүрчлэн анзаарч бичиж байв. Бага зэрэг гандсан, хуучны маягтай бэлтгэлийн хувцастай хүмүүсийг анзаарах аятайхан байв. Манай Бархад хотод бол аз жаргалтай байхыг хуульчлан хориглосон юм.

Цэцэрлэгт хүрээлэнг эмжиж, хотыг дайрч өнгөрөх хот хоорондын цардмал зам мушгирана. Түүний зэрэгцээх төмөр замаар хээрийн амтат салхи мэдрэн алхаж явахад ойрхон гүү барьсан айл байхыг үзлээ. Урд голын өргөн хөвөөгөөр багахан багаширлдсан адуу үзэгдэнэ. Айраг залгилах зуур Бархадаас дуудлага ирээд маргаашдаа буцах учиртайгаа ойлгов.

Удсан ч үгүй би гэртээ ирчихээд Бархад хотын эгц өөдөөс харсан толгой дээрээс хотод шөнөжин бороо шиврэхийг харж, түүдгийн дэргэд хоноглов. Эндэхийн нэг философич

“Бүх юм сайхан”

С.А

гэж хэлчихээд яваад өгсөн юм. Түүний явсан зам харгуй хоосон түнэр. Түүний тухай уншаагүй манай хотынхон зэгэл харанхуй. Хав харанхуйд бороо орж, халаас юуг минь шалба норгоно. Ийм нэгэн импрессионист мэдрэмжээр амьдралыг өөрөө зохион гаталж явна гэдэг эргэлзээний учир сэтгэл санаа нэмэх, хасах дөчин градусын зөрөөнөөс мушгиран ургаж байгаа юм шиг санагдана.

Categories:

Leave a Reply