Хараар ягаарагч эмгэн хумс



I



Их Британийн нэгэн долоо хоног тутмын сэтгүүл дээр “Хараар ягаарагч эмгэн хумс худалдана” гэх зар гарах бүрийд Хонг Конг,Малайз,Австралид нэг арал, Барбадос мэтийн тансаг харш шинэхэн эзнээ олж байдаг. Ноён М долоо хоног бүр ням гарагийн үүрээр тэрхүү сэтгүүлийг шуудангаар ирэхийг хүлээнэ.

Үүр хаяарах дөхөж, дулаалгагүй цонхны завсраар хүүгэх нэг дүгээр сарын салхи хөшиг дэрвүүлэхүй М цайндаа чихэр хутгангаа цонх хараачлан сууна. Шинийн хоёрны хавирган сар хүрээлжээ. Сарны мэргэ тавьж сайн муу хариуны аль нь ирэхийг сэтгэн суух түүний дээр хөх сарны титэм асчээ. Цэмцгэр махир сарны ойролцоо байгаа тод одны жинхэнэ нэрийг М мэдэхийг хүснэ. Охиндоо тэр одны нэрийг өгнө гэж хэзээ нэгтээ зүгээр л бодоод өнгөрч байснаа санана.

Цэгцтэй хүрэн өнгө ноёрхсон түүний эл хульхан өрөөнд аяархан намирах нимгэн цагаан хөшиг, бөгтөр гэрэл сүүтэгнэх бичгийн ширээ, хуучны модон ор зэргээс өөр нүдэнд торох зүйл үгүй. Хаалганы дуранг энэ байрны эд хогшилд тооцох ба цонхтой зиндаа нэг гэж М үнэлдэг. Хэдий тийм боловч М-ийн эрхэлдэг жинхэнэ ажил, түүний өөрийн жинхэнэ зиндааны хувьд энэ даржин сууц нь амьдралынхаа нэгэн чухал үеийг эхлүүлэх хүлээлгийн өрөө төдий.

Шуудан ирэлгүй дөрвөн долоо хоног болж байгаа нь М-ийн санааг зовоож байв. Тэрээр зүүн өмнөд азийн хамгийн шилдэг гэгдэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын корпорациудад интерьер дизайны төсөл гаргаж өгдөг ажилтай.
Ази, номхон далайн бүсийн энэ салбарын хамгийн шилдгийг шалгаруулагч International Homes Luxury Collection-с түүний нэрийг үргэлж дэвшүүлдэгч М татгалзаж Cameron Woo оронд нь оны шилдэг болжээ. Хамгийн сүүлд ирсэн шуудангаар Тайландын интерьер дизайны шилдэг John Antony Group-ийн хамтарч ажиллах албан хүсэлт ирсэн юм.
Хорин таван жилийн турш Их Британи, Европ, Азид хангалттай туршлага хуримтлуулсан группын шинэ төсөл болох Villas Aelitа-г худалдаж авсан эзэд нь ердөө ганцхан долоо хоногийн дотор интерьерээ цоо шинээр өөрчилж өгөхийг хүсчээ.
Диваажин, тэнгэрийн орд харш ийм л байдаг болов уу гэмээр үнэхээрийн гайхамшигтай, Абу Даби маягийн алтадмал хийцийг анх тэд өөрсдөө нэг бүрчлэн захиалж хийлгэсэн ч гэнэтхэн арван сарын турш зүйлээ солихийг хүсчээ.
Хотод энэ талаарх мэдээлэл хаанаас ч олдохгүй ч ноён М өөрөө тун гаргууд гэдгээ хүн энэ төсөлд зориулж бүтээсэн зүйлээрээ баталж чадсан юм. Ажиллахдаа цагийг мартаж чаддаг сайн зуршилтай хүмүүс л ийм байдаг тухай нүүдэлчид хуучилдагдаа.
Villas Aelitа-г захиалсан эзэн нь туйлын өвөрмөц адал явдал ч юм шиг амьдрал хайж Тайландад иржээ. Үлдсэн бүх насаа номин цэнхэр далайн эрэг, цагаан элс, ширэнгэн ойн захад байрлах өөрийн тансаг харшдаа үдэхээр бөх зоригоор шийдсэнээр барахгүй Лондон дах элэнцээсээ өвлөсөн цайзаа хүртэл нэг шинэ оросод зүгээр шахуу өгчихөд түлхсэн цор ганц шалтгаан бол түүний зүүд.

Тэр Бурханыг зүүдэлдэг байсан юм. Хуруу, гар, бугуй, цээжнээс нь үргэлж гэрэл цацарч цав цагаан үс нь намираа бороо адил асгарч байдаг түүний бурхан нь билгийн мэлмийгээ нээхэд нь тусалдаг байв. Премьер лигийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байгаа Энфьелд цэнгэлдэхийн фанатуудын дунд байгаа тэр улайрах давалгаа, хоолойн түрлэгийг хүссэн үедээ сонсохгүй, тэр ч бүү хэл үзэхгүй байх чадварыг Бурханы заавраар суралцаад амжчихсан байлаа. Бурхан түүний гүн сүсэг, мэдрэмжийн ертөнцдөө тун сайн нэвтэрч чадаж байгааг нь урамшуулж, хэрвээ өөрөө хүсвэл мянган дагуул архадынхаа нэг болж болохыг санал болгожээ. Асурт хууртсан хүмүүсийн зовлонг тэр л мянган архад гэтэлгэж, хорвоо ертөнцийг тойрон бэдэрч, бурханы элчийн ажил хийдэг тухай харцаараа ярьж өгсөн бурхан нь түүнийг хэсэг хугацаанд орхин одов.

“Чи хүсвэл хаана ч явж байсан миний өмнө үргэлж сөгдөж чадна гэдгээ санаж яв” гэх сүүлийн үгний цуурай чихэнд нь хорин найман долоо хоногийн турш дүнгэнэсэн. Сайн санаат эр маань өөрийгөө магадгүй Мухаммедийн нэгэн адил боллоо гэж санаж явлаа. Тэрээр өөрийн бизнесээ бүгдийг нь орхиж, Virgin Megastore их дэлгүүрийн урсдаг шат, нүд эрээлжлэн хальт гишгэчихээ шахдаг Guggenheim музейн явган шат, тэнгэр баганадсан Saint Mary Axe цамхгийн цахилгаан шат, ер нь шат бүхэнд бүхэл өдөржин унтаагаараа явж, сэрүүнээрээ зүүдлэхэд суралцаж байв.
Энэ бүх хугацаанд хүний амин сүнс хэрхэн гэрэлтэхийг, био хэмнэл нь сайн муугаас яаж ангижирдгийг ухан ухаарч, тэнүүлч гэгээнтэн шахуу болов. Бурхан “Явах гэж байгаа газраа шүлсээрээ эсвэл нулимсаараа ч болов норгож байвал чиний сүнсэнд нүгэл хилэнц наалдахгүй” гэж захисныг тэр хэзээ ч мартаж байсангүй.
Энэ насанд нь хэмжээтэй заяасан байж болох, зүрх сэтгэлд нь юүлэгдсэн бүх нулимсаараа тэр замаа чийглэн урагш мөлхөж байлаа. Зөвхөн архад болох гэж нүгэл хилэнцээс цэрвээгүй, ямар ч чийггүй болж байгаа зүрх сэтгэл нь жинхэнэ ариун замналыг туйлаас хүсч байгааг жаргалтайгаар мэдэрдэг байсан юм.
Ийн дахин хорин таван долоо хоног өнгөрөхөд тэр цааш явах боломжгүй болсноо мэдэрч зогссон газраасаа Бурхантай уулзахыг хүсэн наминчлах болов. Гэнэт Бурхан нь архад болохыг хүсч байгаа эсэхийг нь дахин асуугаад, хэрвээ хэвээрээ бол Тайландын ширэнгэд очиж, огторгуйг танин мэд хэмээжээ. Сансарын сэнсэрч ороолдсон учир зүй, оршихуйг чи сая ухаарч гэгээрлийг олмогц би чамайг архадаа болгоно гэж хэлчихээд Бурхан дахиад л үзэгдэхээ болив. Ариун замыг сонгосон түүний Тайланд явах төлөвлөгөө бүх л насаа тэнд гэр бүлийн хамт өнгөрөөнө гэх цэгээс эхэлж, хөх цустны хувьд суух харшийн сонголт гаргахаар үргэлжилсээр дахин хорин найман долоо хоног өнгөрчээ. Арал худалдан авч, M6 дах танилуудаасаа хэн ч нэвтрэхгүй хорин дөрвөн цагийн хамгаалалт бүрдүүлж, алтадсан ирмэгтэй, сувдан эмжээртэй Вавилоны Эдэн цэцэрлэгийг санагдуулам усан сан бэлтгүүлж, буддист тайландын уламжлалаар сууцаа тохижуулж байхдаа өөрийгөө эргээд жирийн хүн болсноо тэр огт анзаарсангүй.

Оны шилдэг группээр бариулсан харш нь ашиглалтад орж удаан хүлээсэн амьдралын шинэ хаалга татахаар тэсч ядан тэмүүлсэн алтан мөчид түүний сэтгэл эхийн умайнаас дөнгөж гарсан хүүхдийн сэтгэлтэй ижил болов.
Их Британийг үүрд орхин газраас тасрахдаа сүүлчийн удаа гарчигласан сэтгүүлийн хуудсанд Германы Кёльн хотын их сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн олон шүдтэй амьтан болох эмгэн хумсны 25000 мянган шүд дэлхийн дулаарал, экологийн өөрчлөлтөөс шалтгаалж нэг дахин нэмэгдэж болзошгүй тухай дурайж байв.
Энэ жижигхэн мэдээний доорх шүлсээрээ замаа засч яваа эмгэн хумсын зургийг харин мань гэгээнтэн анзаарсангүй. Далайн эрэг дээрээс гайхалтай харагдах тэнгэр, тэнгэрийн заадас түүнийг хүлээж байгаа.
Хуруугаараа заасан одоо тэрээр аварга мирүүлээр харж байгаа ч юм шиг, зурхайн зурлагыг, хилэнцийн ордын оддыг нэг хараад таньж ч байх шиг санагдахад үхэх хүртэл өөрийг нь юу ч сатааруулахгүй болжээ гэж итгэж байв.
Гурван өдөр, гурван шөнө Бурхантайгаа уулзахаар яаран, яаран хичээнгүйлэн бясалгахад өөр дуу авианууд, далайн давалгаа, дун хясаа, загаснуудын хэл чимээний цуурай сонсогдоод болсонгүй. Өөрөө ч ангид ертөнцийн анир руу нэвчихийг хүссэнгүй. Зөвхөн Бурхантайгаа ганцхан удаа уулзаж, агуу хайр хишигт нь сөгдөн мөргөж байгаагаа, бүх л насаараа энэ арлаас хаашаа ч явахгүй гэдгээ амлахыг хүсч байгаа оргилуун сэтгэлийн хөөрөл ер намдахгүй байв.


II


Дунд голын гудамжны төгсгөл, Загасчны гүүрээр эргэн онгоцны буудлын зүг хурдлах s320 дотор ноён М John Antony Group болон тус компанийн үйлчлүүлэгч гэгээнтний захидлыг уншиж явав. Тэр захидлыг задлаагүй байхдаа л юу бичигдсэн байгааг нь цээжээр мэдэж байсан мэт. Гэгээнтэн арал дээрээ төөрүүлсэн дөрөв дэх хоногоос элдэв чимээнд чих нь дөжирч, яг Бурхантай адил өч төчнөөн сүнснүүд түүнийг тойрон эргэлдэж эхлэхэд, өөрийгөө эрүүл байна гэдгээ тэдний чанаж буй индонезийн Копи Лувак кофиг нь ялгаж байгаагаар баримжаалж байв.

Буйдан дээр тухлан, зурагтаар гарах “Дубайн Дэлхийн Цом” морины уралдааны хорь гаруй сая дээр тэд өөрсдөө дураараа үнэ хэлж, бооцоо тавьж, зарим нь Одиссейг мансууруулсан, лусын дагинасын босоо ятганы алтан утсыг татан уянгалуулж, бүүр түүгээр ч зогсохгүй хоёр эрэгтэй архад дэргэд нь ичих ч үгүй үнсэлцэж байсныг ноён М мэдэж байлаа. Гэгээнтэнд нар шингэх дөхөхөөр өнөөх сүнснүүд далай руу хэлхэлдэн явж байгаа нь харагдана. Эрэг дээр найрлацгаах болсоор тав хоногийг өнгөрөхөд гэгээнтнээс өөр хэн ч тэдгээр сүнснүүд, Бурханы сахилгагүй элч нарыг олж үзээгүйг М дотроо жуумалзан харж суув.
Гайхаш тасарсан гэгээнтэн Бурханы өөрт нь бэлэглэсэн бүхий л хүчийг ашиглан, оюун мэдрэмжийн ертөнцдөө нэвтрээд ч эдгээр архадууд ямар учиртай болохыг мэдэж чадсангүй. Арал дээрх эхний долоо хоногийн шувтаргаар үл үзэгдэгч Бурханы дуу хоолой яг дэргэд нь, удалгүй урд нь, дараа нь хойно нь гэх мэтээр сонстож, өнөөх л тайван дөлгөөн өнгөөр зарим зүйлийн учрыг тайлбарлаж өгөхдөө эдгээр архад асуричуудтай дайтаж байгаад цаг хугацааны хөдлөлтөд тэдэнтэйгээ хамт “гэмтчихсэн” юм гэв.
Энэ гэмтэл гэдэг үг гэгээнтэнд тэрхэн зуур үйлдлийн систем гацчихсан гэдэг нартын хэллэгээр орчуулагдаж сонсогдлоо. Орон зайн хэмжээс, цаг хугацаа болон ой санамжаа бүгдийг нь нэг дор алдчихсан, нэг л өдөр алга болох тэднийг огт үзэхгүй байхыг хүсвэл арал тойрсон гэрэлтүүлэг, лаа, дэнлүүнүүдийг солих хэрэгтэй. Чингэхдээ болор чулуу дэвсч, заг мод галлаж, үндсээр нь бамбар өрдөж, гурван долоо хоновол бүх зүйл санаагаар чинь болно. Харин заг мод, болор чулуу хоёр нэг нутгийнх байх ёстой гэсэн билээ. Ингээд л заг модоор болон болор чулуугаар камин зуух, ландшафт гэрэлтүүлгийн дизайн хийгч дэлхийд цор ганц олдсон нь гэгээнтнийг дооглон яваа ноён М.
Тал нутагт идэр гурван есийн жавар чөмөг царцааж байхад Тайландад үхэр сүүлээрээ залхуутайяа ялаа үргээх мэт халуун пүнхийж байдаг. Хоёр хоногийн аялал хийхээр ирсэн М эхний өдөр нь гэгээнтэнтэй арлын интерьер дизайны загварыг тохирох, хоёр дах өдрөө тус загвараа группын ахлах дизайнерт шилжүүлж, шаардлагатай болор, заг модыг Тайланд руу хэрхэн ачуулах тухай тусгай хэлцэл хийх ажилтай байв.
Көх Тао арлын зүүн хойд зүгт байрлах гэрэлт цамхгийн харалдаа гэгээнтний хувийн арал байрлана. Энэхүү цамхгийг XIV зууны үед Юань гүрний Аннам дах цэргийн ангиудаас оргон зайлсан хөх цэргүүд гэх хочтой далайн дээрэмчид анх байгуулахдаа маш их хэмжээний болор дээр заг мод шатааж ашигладаг байсан гэх домогтой.

Тэр түүдэг гал, гэрэлт цамхгийг хөх гэрэл, хөх гал хэмээн дээрэмчид нэрийдэж цаг хугацааны цоорхой үүсгэдэг гэдэгт итгэдэг байж. Түүнээс хойш улирсан олон жилд Тайландын далайн олон Ко нэртэй арлуудын дунд хөх галын домог мартагдсан нь аргагүй. Энэ түүхийг нэхэн санаж яваа М арал руу бөхөлзөн нэвтрүүлсэн харуулуудад, гэгээнтнийг далайн эрэг дээр хүлээж байя гэв.

Цусан улаан Chateau Lafite дарс асгарсан цагаан элсийг хуруун завсраараа урсган суухдаа олон зууны тэртээх цаг хугацааны донсолгоонд өрнөсөн дайны хүнд жилүүдийг М дурсч амжив. Аргагүй эрхэнд хаан төрөөс урвасан нэр зүүж, халуун оронд хөх гал сахихаар одсон хангайн дайчдаа тэр бодлоо.
Халуун орны хумхаа өвчнөөр шаналж үхэлгүй үлдсэн тун цөөхөн хэд нь, тодорхой хэлбэл гуравт нь хөх галын эзэн тус бүртээ 25000 мянган архадын сүнс олж ирэхийг тушаагаад өөрсдийх нь болоод бүхий л үр хойчийх нь сүнсийг оронд нь аваад явчихжээ. Ийнхүү амьд үлдсэн гурван цэрэг нартаас гаднах зургаан ертөнцийн мөнхийн дайнд өөрийн мэдэлгүй татагдаж, асурчууд болжээ.
Олон зууны турш зүүн өмнөд ази, номхон далайн бүсийн жижиг арлуудад хорь гаруй мянган хөх гэрлийг асаасан их аян замын төгсгөл ойртож байлаа. Асур бологч хөх цустнуудын цэнхэр сүнсийг цаг хугацааны бүрхүүлийг цоолж, үүлэнд мордуулах хөх гэрлүүд М-ийн нүдэнд алмазны сацраа мэт гялтганан харагдана.
Түүний есөн үеийн сүнсүүд чөлөө учралыг олох эрхээ авах нь хөрстөд нэгэн долоо хоног бүрийд болрын талст дээр гал ноцон асах эсэхээс шалтгаална.
Энэ үед залран ирж байсан гэгээнтэн энгийн хүн болчихсоноо ерөөс анзаараагүй байснаа М-ийг хармагцаа гэнэт мэдэрлээ. Энэ гайт учралын агшинд түүний зүрх ямар нэгэн айдсаар харанхуйлж, бүх бие нь салганан чичирч эхлэв. Гартаа хэл хуур атгасан М-ийн нүд рүү эгцлэн ширтэхдээ л гүн харанхуйд гялс хийх хөх туяа манараад,
өмнө нь хүн биеийг олоод зогсч буй Бурханыгаа харцаараа өгүүлэх зарлигийг нь сонсч буйгаа бүүр түүрхэн ухаарав.

Categories:

Leave a Reply