Хоёр талдаа хээт гивлүүр


Урсч л байгаа цаг хугацаа, замын хөдөлгөөн, цагдаагийн шүгэлний тас хийх чимээ, машины зөрөлдөөн, төв шуудангийн цагний хонх, өглөөний есөн цаг, ингээд бүгдээрээ ажилдаа. Машины хаалга тас хийх чимээ, “маскаа зүүгээрэй”. Маскгүй хүнд үйлчлэхгүй.
Их хотын загварын шинэ тренд “цыгануудын” авчирсан самбай даавуунаас өөр зүйлээр хийсэн амны хаалтын цоморлигуудаар амьсгалж эхлэв. Мөнгөний хээгээр шагласан тэрхүү маскийг зүүх боллоо гэж хотын бүх иргэд нэгэн өглөө зүүдэлж сэржээ. Тэр үүрээр зүүдний үнэн бүгдийх нь ахар сүүлэнд хөөрхөн, дэгжин гэгчийн гогцоо бэлэглэж орхиж.Дороос ирвэгнүүлж, гижиг хүргэсэн эгдүүтэй үслэг гогцооны эрээгүй ааль хүн бүрийг урин тачаангуйн уран цаламд дуудаж сэрээсэн өглөөнөөс хойш өөрийн асар хүчтэй сэдэл сэрлээ даран ядахдаа бүгд яаран дор дороо нүүрээ халхлах ёстойгоо ухаарав.
Хэллоуинаар бүр даамжрав. Харин хэн ч толгойдоо хулуу углаж, вампирийн соёо зүүж, венец хийцийн ганган баг зүүгээгүй. Цыганы асар майхан шанх татсан газраас хамба хилэн, энэтхэг торго, испани савхин маскнууд түрэг алтан гинж, мажар уран шаглаатайгаар хотоор нэг нисэлдэж эхлэв. Хамгийн секси задгай өсгийт хүртэл хүүхнүүдийн сэтгэлийн соронзонг шалгахаа байв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хэвлэлийн бус үгсээр “маскаа зүүгээрэй”, “маск таныг хүсээгүй жирэмслэлт, гахай сүүлтэй хүүхдээс аврах болно” гэлцэж эхэллээ. Өө Урсула, Хосе Аркадио Буендиа хоёроос төрөөгүй нөгөө гахай сүүлтэй хүүхэд. Урлан хотын “Зуун жилийн ганцаардал”-ыг зурагтаар, сонингоор, интернэтээр, зарлалын самбараар, мессэжээр тунхаглан зарлаж 1000 дахь гахай сүүлтэй, цус ойртсон хүүхдийг илрүүлэв. Моод гаарав. Гаарсан моодны тайллыг Пилар Тернера хөзрөөр мэргэлэж бүгд маск зүүх нь зүйтэй гэж айлдав. Улаан дэнлүүний гудамж даяар Тернера ахайтны тасхийсэн инээд тачигнахад доргио нь дэнж уймартал бөглөрч дуулдав. Түүний хахаж цацсан инээднээс үсчсэн шүүдрийн бороо атомын бөмбөг адил хотын умардаас өрнөдөд хаялав.
Ядуусын хороололд хүчтэй орсон бороо бүтэн сар зүсэрнэ гэж сэтгэл зүйн агаарын газраас мэдээлэхэд бүгд маскаар шүхэр хийцгээх болов. Хотын төвөөр алаг цоог суурьшсан сэхээтнүүдийн бухимдал бичил, үл үзэгдэгч шанаган хорхойд хувилаад ямар ч агаар чийгийг нэвтрүүлэхгүй болсон тухай жиг жуг чимээ газар авав. Шинэ монголчуудын буйр сэлгэсэн баячуудын хороололд харин их хотын хачирхалтай үймээний чимээ огт дуулдахгүй байлаа. Тэд чимээ амиагүй түрхэн зуур ч болов амрахсан гэхдээ энгэр султай Тернера хатагтайд төгрөгөн халааттай залуу хөвгүүдийг илгээж, ялдамд нь улаан дэнлүүний гудамжийг франц дууч эмсээр хүч сэлгэнэ гэж амлахдаа тэдний инж болгож сууц өмчлөгчдийн холбооноосоо авдар дүүрэн алт эрдэнэс илгээв.
Идэр залуугийн жавхаагаар цус сэлбэн гийж яваа хатагтай дахин нэг таатайхан инээхэд борчуудын хороололд бороо хоёр долоо хонгийн дараа намжина гэв. Бороо, бороо ороосой, оросын маамуу ирээсэй гэдэг дуу фм-үүдийн хит парадыг гэнэт тэргүүлж эхлэлээ.
Их дэлгүүрийн хүнсний тасаг, өрмөнцөртэй шоколад, үнгэгдсэн сарнайнуудыг соль. Шинэхэн сараана цэцгийн үнэр, боодол, баглаа. Хөлсний унаа, төв гудамж, цагаан бүтээлэгтэй Алим ресторан. Өдрийн цайны цаг, хорин минутын болзоо. Бүсгүйн хуруун дэх алтан бэлзэгний очирт гялбаа амны хаалтынх нь сондор дээр гялтганана. Дэгжин гэгчээр гялалзах инээмсэглэлийг харцаар нь дамжуулан төсөөлж, бүсгүйн цагаахан гивлүүрийг тайчиж, алтанзул мэт уруулыг нь үзэхсэн гэж горилох залуу. Үнсэхсэн гэж хүссэн уруул гүзээлгэнэ, бөөрөлзгөний амтаар хүүрэлзгэнэ адил хүсэл тачаал руу шунган орж, чихэндээ гинжилсэн жижигхэн хар маскны цаанаас тийчилнэ. Соруулаар чимэглэсэн зайрмагны коктейль. Арван дөрөвт таван минут дутуу. Тооцоо хийх хугацаа, торгон хантаазтай зөөгчийн хөмсгөөрөө талархсан үйлчилгээ. Бүтэлгүй болзоо дууслаа. Хархүү хачин жигтэй ажил руугаа дэгдэв. Хажуугаар нь өнгөрөх хүмүүсийн маскны загварыг бүртгэв. Хар, цагаан голдуу, нил цэнхэр түрлэгтэй хүн урсгалыг сөрж гудамжны нэг өнцгөөс нөгөөд дамжсаар, Замчны II гудамж ороогоод алга болов.
Сэтгэл гижигдсэн сарааны үнэр, сайхан өнгөнөөс аль хэдийн уйдсан бүсгүй Эрхүүгийн гудамж руу, эр нөхөр рүүгээ тэмүүлж явав. Хотын төвийн бөглөрөл хэвээрээ. Хаашаа ч харсан дэгжин масктай хүмүүсийн нүд гэрэлтэж үзэгдэнэ. Гэрэл гэгээтэй хотод амьдарч байгаагаараа, өөрөө хамгийн хээнцэр доржпалам шигтгээтэй масктайгаараа бүсгүй бахархана. Энэ өглөөг зурагтаар геометрийн хичээл заахаар эхэлж, бүтэн долоо хоногийн амралтын эрх хожсон жирийн дунд сургуулийн багш эмэгтэйн сэтгэл дотроосоо гийнэ. Бэлгийн амьдрал хүүхүүдэдэд байхгүй, тэд гахай сүүлтэй хүүхэд хийх чадалгүй ч багш нар нь чадна. Тиймээс соён гэгээрүүлэгчдийг интернетээр алсын зайны сургалт явуулах нь зөв гэж Урлан хотын зөвлөл үзжээ. Маскны дэгжин трендийг ашиглан бүсгүй амьдралаа савангийн дуурь болгох аятайхан боломж бүрдэв.
Авъя гэсэн хэн бүхэнд олдоод байхгүй алмазтай гивлүүр нь түүнийг долоон өдрийн дотор тавантаа нөхөрт гарахад нь тус болов. Санасан санаа нь сургуулийн хичээл интернэтэд байрлуулахаас амар бүтжээ. Шүүгч, эмч, цэргийн хурандаа, тагнуулын хошууч, уул уурхайн экспертүүдийг дэгээдэж чадсан түүний дотор нар мандахаас ч биш яахав. Ахин арав, хориор нь ч индранилаар бүрсэн маскийг эдгээр нөхрүүд, нууц амрагууд нь түүнд уралдан бэлэглэх л болно. Түрүүний доожоогүй сурвалжлагч түүнд шүлэг уншиж, театрын билет атгуулахаас өөр юу чадах, цасан цагаан ширээний бүтээлгийг ганц мөхөөлдөстэй хундагаар бүрэхээс өөр юу дийлэх вэ дээ.
Фм-ээр явж байгаа зарын цаг өндөрлөж, хотын өдрийн мэдээ эхлэв. Тусгай түлхүүрээр бичигдсэн зарыг хэрхэн тайлах тухай хошууч нөхөр нь түүнд бардамнан тайлбарлаж байснаар хугасчлан ойлгосон бүсгүй маршрутаа Зайсангийн тойруу гудамж руу, шинэ хорооллын харш дэх хаалттай цэнгүүнд оролцохоор жолоочоо удирдан их хотын үерлэн халгих амьдралын амьд давалгаанд шингэн алга болов оо.

Categories:

Leave a Reply