Mirage
Тосон будган дээр од буулгах тухай хэзээ ч бодож байсангүй. Тэр шөнө, тооноор нэг хоёр од үзэгдэж, зурагтаар гарах киноны дуу нохдын бөглүү чимээг дарна. Тооноор үзэгдэх од дуудах шиг болов. Гараад хартал сар хүрээ татжээ, хүйтрэх нь ээ. Сарны солонго. Хөх хаврын униар, ойд бүгтхэн улих дуу гарсан ч юм шиг. Нүцгэн хөл хэдэн аргал дээр гишгэлэн гэр тойрч тамхины хөх утаа сарируулна. Бодол ийш, тийш үүрсэх шиг. Дээш хартал түрүүхэн ямар од дуудсаныг тайлж мэдэхгүй нь. Гэрэл зургийн хэрэгсэлээр шөнийн оддыг гэрэл сүүдэрт буулгах тийм ч амар биш тул бодолдоо л зөвхөн тээж болмоор. Хот тойрсон хэдэн үхэр зугуухан бие биенээ даган мөөрөлдөнө. Тэд юу хүүрнэлддэг юм бол. Оддын тухай юу? Тэгэхдээ, бидэн шиг өөрсдөө од болох тухай биш байх, тийм үү?
Дээлээ хучаад хэвтэх агшинд нүдний урд нэгэн жижигхэн далавчтай анааш, анаашны тугал үзэгдээд болдогүй. Гар зургаар цэвэрхэн гэгч нь зурсан юм шиг тэр амьтан тэрүүхэндээ тонгочих, эсвэл бяцхан далавчаараа дэвж байж мэдэх юм. Түүнийг би жижигхэн үлгэрийн баатар байх гэж бодлоо. Хорь илүү насалсан залуу хархүүгийн толгойд иймэрхүү үлгэрийн баатар эргэлдэнэ гэдэг тийм ч таатай зүйл бишсэн. Нүдээ аниад, яг тэр чигтээ ширтээд л байвал өнөөх анаашны алаг цоог толбонууд тодорч болмоор. Энэ шөнө нойр хулжих нь уу дээ?
Анааш хэдхэн минут унтдаг гэсэн. Урт хүзүүнээсээ болдог байх л даа. Хамгийн уртдаа хорин минутын нойр авдаг түүнд шөнийн амьдрал бусад амьтдаас илүү ойр байдаг байх. Харин зүүдний хувьд? Тэд яаж зүүдэлдэг юм бол оо? Хэн нэгэн эрдэмтэн анаашны зүүдийг тайлж үзээд, тооцуулуур машин дээр буусан тоон системт тайлан нь хүний амьдралаар хэдэн зууны дараа ингэж амьдарч байх юм байна гэж зүүдэлсэн зүүдийг нь гаргаасай. Тэгэж бодлоо. Сарны хүрээ тооно тэг дундуур нь таллаж үзэгдэнэ. Хүйтрэх нь дээ.
Яалт ч үгүй нойр хулжчихлаа. Гэрт унтаж байгаа хүмүүс хурхирах ч үгүй, амьсгалах ч чимээ сонстохгүй. Бүгд сэрүүн, зүүдэн бодолдоо хөвж байгаа юм шиг санагдав. Хөтөч ах маргааш өглөө гур унагахаар өглөө эрт мордоно гэсэн юмсан. Энэ зуур ахиад л нэвт харанхуй руу ширтэж буй нүдэнд баарны гэрэл, хэмнэл харагдаж эхлэх шиг болов. Дүрслэл тасалдалж тоник хундгалж, тоаст хэлж, тэр зууртаа бас хөнгөн бүжнэ. Энэ дүрслэлийг хүчээр таслав. Мөд хот орохгүй, дээр нь дөнгөж төрж буй хүслээ тасдаж сурахаар хичээллэж буй учраас тэр дороо л хөгжмийн амьдралыг үзүүлэх тасалгааны хаалгыг хаав. Тэд цаанаа бүжиж үлдэж, далд ухамсарт цаашаа тасартлаа ууж, магадгүй маргааш өглөө нь хаа нэг дэн буудалд шартаж сэрэх биз. Энэ мэт бодлыг ухамсарт сэтгэхүйгээсээ албаар хорьж нэг газарт орхичих хэрэгтэй. Ийм шийдлийг хангай газарт биелүүлэх тун амархан санагдана.
Хэсэг хугацаанд таг харанхуй, юу ч бодогдохгүй. Ямар ч чимээ үгүй. Маргааш хэдэд босох билээ? Урд ажиллаж байсан сэтгүүлд нэг рекламны скиз гаргаж өгч байсан санагдана. Багийн найз нэг удаа архидахдаа өглөө сэрээгээрэй гэж ангийхандаа захиж, захиж унтсан гэсэн. Харин өглөө түүнийг сэрүүлгэнд цочиж сэрэхэд толгой дээр нь нэг биш арван гар утасны сэрүүлэг нэгэн зэрэг тачигнаж байсан тухай бид хөхрөлдөн ярьж билээ. Тэр зуурт толгойг нь тойруулсан олон гар утастай зураг, гайхсан моделийн царай зэрэг бүгд нүднээ харагдаж билээ. Гэвч гоо зүйн сэтгүүлийн хавтсан энэ мэт жул рекламны зураг байж таарахгүй болсон уу тэр скиз нэг их дэмжигдээгүй юм. Харамсалтай нь гэнэт л цочир сэрчихээрээ эргэж санагддагүй зүүд ямар амттай байсан талаар огт мэдэрч чаддаггүй. Энэ мэт өгүүлэмж, түүнийг бүтээхийг оролдох, дараа нь хэн нэгэнд тайлбарлахыг хичээх зуур далд ухамсар минь үнэнчээр шургуу ажиллаж, дараа нь ямар нэгэн судалгааны дүнгээ өөр бусадтай ярилцаж байхад минь шууд л дамжуулахсан. Үгүй ер анааш юу зүүдэлдэг бол оо? Хаанахын ч эрдэмтэн байг л дээ. Нэг хүн би анх удаа амьтны зүүдийг тайлж уншлаа гэж өөрийнхөө нэрийг зарлаасай билээ? Одоо ч сонирхохгүй юмгүй болсон цаг болохоор тэр хүн лав ганц долоо хоногийн дотор бүх дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дор хаяж нэг удаа үзэгдээд өнгөрөх байх даа. Ийн бодож хэвттэл өөрөө би хэсэг зүүрмэглэх шиг. Сэхээ аваад хартал ерөөсөө огтхон ч цурам хийгээгүй яг л түрүүнийхээрээ бодол болон хэвтсэн юм шиг. Гэтэл бас тэр бодлууд сая үзсэн зүүд шиг алаг цоохор дурсагдана. Нөхөн сэргээх гэж оролдох ялдамд өвөл иймэрхүү зүйлс олон тааралдаж байсныг саналаа. Манай сэтгүүлийн стилист бид хоёр энэ талаар ярилцаж байсан юм. Шөнө унтаж байгаад гэнэт сэрэхэд огтхон ч унтаагүй байсан юм шиг. Тэгэхдээ бас зүүдлээд байсан шүү дээ гэж. Товчхондоо тэр үед бид хоёр мэдрэлийн ядаргаа гэж оношлоод цааш энэ сэдвийг хөндөхийг хүсэлгүй орхисон санагдана. Янз бүрийн л хүмүүсийн хэлсэн "Амьдрал бол зүүд" "Амьдрал сэрэхээрээ мартчихдаг зүүд" "Зүүд бол амьдралын хамаатан, үхлийн дүү" гэх мэт сонирхол татсан ишлэлүүд мэдэх боловч бодот амьдралтай холбоотой логик өөртөө нааж чадахгүй болохоор заримдаа тэгэс ингэс гээд мартагнана. Сарниж амжаагүй бодлуудыг сюрреалист урлагийн төрлүүд эргүүлээд зунгаг манан руу үлээчихнэ. Тэр үедээ угаасаа эрүүл сэтгэж, илий бодож байгаагаа ялгаж мэдэхгүй тулд аяндаа төөрчихнө дөө. Миний зүүдний хотууд, гудамжуудыг би ихэнхийг нь шууд л таньдаг. Загасчны гүүрний зүүн талд байдаг гудамжнууд бүгд л энгийн амьдрал дээрх байршилтай тохирно. Тэгэхдээ яг сайн санавал дүрслэл нь ондоо. За тэгээд найзууд, ээж, аавын царай төрх дасал болсон төрхөөрөө мишилзэвч яг сэрчихээд тэдний царай ямаршуу байлаа гээд бодох гэхлээр юу ч үгүй хоосон. Үгүй тэгээд тэр хоосон хүн байсан хэрэг үү? Заримдаа зэрэглээ мэт хоосон хүүхэнтэй хурьцчихдаг болох нь уу? Хөгийн юм.
Дархан, Эрдэнэт, Ар, Өвөрхангай гээд бид хаашаа явж байгаа мэддэг, очсон газраа таньдаг. Нүүрний гудамжнаас нь гурван гудамжны цаана гэхчлэн бодот амьдралын сэтгэхүйгээрээ хөтлөгдөн очиход урдаас танихгүй ертөнц зүс таних өнгөөр угтана. Гэтэл өнөө зунгаг манан руу туугдчихсан бодлуудыг эргээд сөхөх гээд оролдоод үзье л дээ. Тэр манан дэгдээд алга болохын цагт тэмдэг нэр нь хэвээр тэмтрэгдэх дүр нь хуурмаг дүрс угтдаг байг. Зүүдээ санах гэхээр дүрс нь харагдахгүй мөртлөө цор ганц оргил хэсэг нь л дотор зороод байдаг даа. Яаж ч бодсон зүүдний ээж, амьдралын ээж хоёр нэг нь толь руу харж зогсовч, өнөөхийх нь дүр харагдахгүй байхтай адил байгааг. Одоо л би унтчихсан байж болохгүй.
Үүр хэдэн цагт хаяарч байгааг мэдэхгүй юм. Сая би баттай мэдэж байгаагаараа бол хоёр, гурвантаа зүүрмэглээд сэрсэн. Тэгэхдээ нүдээ нээгээгүй хэвээрээ байгаа. Унтах хэрэгтэй байдаг. Өнөө дэггүй анааш дахиад нүдний урд жирэлзээд уналаа. Тэр унтдаггүй, ус уудаггүй нөхөр юу зүүдэлдэг юм бол оо?
Categories: