Улаан мөрний цутгалан
“Талст”-ын хэдэн гутлаа шавар шавхай болгуузай гэж сэтгүүлийн координатор тэр хойно сануулсаар редакцийн машин хөдөлж зүүн дүүргийн хойд захын хороололд байх усан онгоцны боомтыг зураг авалтаар зорив. Урьд хүн тавьдаг үхээрийн газар байсан тэр орчмыг “улиатай” хэмээн нэрийдсэн гэх битүү домог хуучны хүрээ хүүхнүүдээс үлдсэн нь одоо бараг мартагджээ. Харин өнөө Улиастай болсон уг газар улиасны үртэс ч ховор. Зам зуураа бид Гандирс цогцолбор дах бутикээс нэмж хэдэн Dsquared-ын савхин өмднүүд авах ёстой байлаа. Энхтайваны өргөн чөлөөнөөс эргэмэгц үерт автсан Баруун Сэлбийн таширалдаан Их дэлгүүрийн цаахантайгаар ороож шуугиж одно. Энхтайван найрамдлын ордон хавьцаа үер цардмал зам сэтлэн, гэнэтийн оргилуур болон цойлоход олон хүүхэд түүгээр зугаацахаар одсон тухай өчигдөр мэдээгээр гарч байсан. Гандирс цогцолбор, Их дэлгүүр, Занаду арт галерей гурваас өөр монгол хаяггүй газраар хүүхдээ дагуулж явахдаа ярьж өгөх үлгэр хэдий үеийн Улаанбаатар байх юм бол доо?
Хүрээ гэж авгайлдаг асан үед баруун Сэлбэ халгихаар хүрээ хотынхон Жадрын том гүүрээр дамжиж гарахдаа “Ноёд ихэс та бүхний даалгасан ёсоор Их орос улсаас тусламжийг олж, гадаадын харгисуудыг сөнөөж улс орноо бүрэн бүтэн болголоо” гэх Сүхбаатрын Богдод айлтгасан айхтар хэрсүү үгийг давтан давтан өнгөрдөг байсан юм гэнэ лээ. Хөдөө аж ахуйн яамны ойролцоо замаар жаран хөлтийн төмөр тасархай мэт машинууд түгжирч мөлхөлдөх зуурт Гэндэн Сталиныг, гаансыг хугартал алгадсан тухай мэдээг Рузвельт, Гитлер, Черчиль нар хөхрөлдөн байж утсаар бие биедээ дамжуулж байхад өнөөгийн Вьетнамын элчин сайдын яамны байрны тус газарт монголын сэхээтнүүд буудуулах дүр зургийг би нэхэн санав.
Улиатай өнгөрүүт цардмал зам тасарсаар хятад хийц бүхий том асарт хаалганы монгол-түвд-хятад-манжаар бичсэн “Улаан мөрний цутгалан” гэх хаяг биднийг угтлаа. Хятадын шар тэнгис рүү цутгадаг Улаан мөрний цутгалангийн их тохойд тээр эртээс л бөөгнөрсөн загасчид буюу үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цусан улаан мөрөнд норж, голдоо хүйт ортол дагжин зүтгэж олсон “загасаар” амь зогоодог хүмүүс цугларсаар хот болсон нь энэ. Улаан мөрний цутгалангийн хойд хаалгаар гарах ахул уг хотын эх загвар руу шууд дөтөлдөг. Анхандаа Хуту байсан далайн усан замын боомт хот Тан улсын үед Хуантихайд хувирч, Сүн улсын үеэс Шанхай гэж олноо танигдсан. Хэн ч биш эндхийн хүмүүс гарал угсаагаа мэдэхийг хэзээ ч оролдоггүй, цаг хугацааны хаданд хавчигдсан халиуны зулзагын ёсоор шар нар, бор хоногийг үддэг улс. Хотын төв хаалганаас боомт хүртэлх хүн урсгалыг сөрөн маш удаанаар явах зуураа маймаачдын гарт юу л бол юу үзэгдэхийг харж болно.
Гагц гэм нь худалдаж авч байгаа зүйлээ нүдээр харж, гартаа атгаж, шүдээрээ зууж үзээд Улаан цутгалан дотроо л хэрэглэж болохоос биш үүдээр гарахул л хотоос авсан бүх зүйлс зэрэглээ болж арилна.
Модель охин өлсөөд байна гэснээр бид түр зогсч жимсний баншаар өлөө дарах үес том дэлбэгэр юүдэн бүхий пончотой нэг хэрмэл хүн дэргэд ирж зогсоод энгэрээ ярж, нэгэн арьсаар боосон эд гарган “Авах уу” гэв.
Сонирхохгүй гэж хэлж дуусаагүй байхад ам дүүрэн гүзээлзгэний банштай охин маань сониучирхан тэр эдийг авах гээд дийлэлгүй унан тусгав. Хуйтай илд. Хэсүүлчний царай руу харвал, XIII зууны үе, Белла ванг илдэж явсан Сүбэдэйн цэргүүдийн монгол сэлэм, Адриатын тэнгисийн эрэг дээрх Италийн Триест хотоос олдсон юм гэв. /Монголчуудын баруун европт хүрсэн хамгийн захын хот Ж.Ч/
Махир сэлэмний бариул нь гарт таарсан тавиу алагтай, ардаа бөөрөнхий булцуутай, булцууныхаа хоёр талд таван нүдэн хээтэй, илд байв. Бариулыг африкийн хирсний соёогоор хийсэн гэнэ. Бариулын урд талын гарын хамгаалалт нь их өвөрмөц байв. Охин маань саваагүйтэн ирэнд нь хуруугаараа хүртэл маш гүн зүсчих нь тэр. Бас дахиад гайхамшиг: өнөө архад байрын хэрмэл амьсгалаараа ганц үлээхэд ямар ч цусны толбогүй болов. Улаан цутгаланд тохиодог олон илбэ жилбийг тоочиж эс барах ч энэ бол арай л өөр зүйл болов.
Сэлэмний хуйг модоор хийж, могойн арьсаар бүрж хатаасан байна. Хуй нь дунд хэсэгтээ оюу эрдэнийн шигтгээтэй байхыг үзвэл уг сэлэм ямар нэгэн язгууртных байсан бололтой. “Ийм үнэт зүйлийг бид авч чадахгүй нь ээ, санал болгосонд тань талархлаа. Улаан цутгалангаас гарахдаа илдээ хадгаламжийн хайрцганд үлдээгээд явна гэдэг дэндүү харамсалтай хэрэг шүү дээ. Хотын шалдан банди нар нэг л сураг дуулчихвал хадгаламжийн газрыг галдчихаад, аваад явчихаж мэдэх л шүү дээ” гэж хэлтэл “Зүгээр, санаа зоволтгүй, наад илд чинь нартад арилахгүй үлдэх учиртай юм” гэв.
Танд бид ямар үнэ төлөх билээ гэтэл, “Төлбөрийг нь би авчихсаан, энэ байна” гэж Улаан цутгаланг толгойгоороо тойруулан эргүүлтэл газар хөдлөв үү, эсвэл зурагтын дэлгэц жирэлзэв үү гэмээр доргион болж, утга авцалдаагүй шуугиан цууриа, цуур хөгжим, цан хэнгэрэг дэлдэх зэрэг үсгээр нь толгой холбож ертөнцийн бүх чимээг тоочмоор зүйл чихээр дамжин тархи зураад өнгөрөхүй тэнгэр ханзарч асар хүчтэй аадар гэнэт асгарч, өнөө хүн ч алга болжээ. Боомт үерт автаж мэдэхээр болж бид өнөөдрийн зураг авалтыг хойшлуулахаар шийдэн хот руу эргэв. Асарт үүдний дэргэд байрлах эд зүйлс хадгалах газрын хажуугаар жишимгүй өнгөрвөл хайран эрдэнэ минь үнс нурам болчихсонгүй. Улаан цутгалангаас алга болголгүй авч гарсан цор ганц зүйлээ манайхан бүгд өөр хоорондоо дамжуулан үзэцгээхдээ зураг авалтын пробоо дахин энд ирж хийж байх эсэхээ дор дороо шийдэж ядан байх шиг. Боомтод очоод авсан зурагны гэрэл сүүдэр, өнгө зэрэгсийг бүгд нэг бүрчлэн цээжлээд буцаж Улаанбаатарт ирэхдээ яг түүгээрээ зураг авалтаа хийдэг юм.
Хаанах ч биш хэлээр төвөггүй ойлголцдог тэр хот руу одоо энэ бүхний дараа дахин очих нь бид бүгдэд нэг л утгагүй санагдсанаа өөр хоорондоо аминчирхаж байв. “Хүмүүс дайтаж л байх ёстой, хэтэрхий их хайр гэж үглэсэн хэдэн зуун мянган ном, сургаал, өч төчнөөн Бурханы хайр энэрэл хүмүүний орчлонг харин ч нэг уйтгартай болгочихлоо” гэдэг үг аман дотор тархинаас шалтгаалахгүй эвлэж байгааг миний ухамсар гайхаж байв. Загасчны гүүрээр ажил руугаа давхиж яваа бидний дээрээс одоо бол жинхэнэ бороо шивэрч байна. Хаврын бороо, ирж яваа цаг, зөөлөн чийгний үнэр. Илд минь хүмүүс дайтаж л байх ёстой юу? Чамайг бид хаана, хэнд өгөх
ёстой юм бол?
***
Нэг хоёрын зэрэгтэй юм бол ч санахтайгаа байна аа. Чөтгөр алгад, чөтгөр чамайг аваасай. Муу хараал идсэн лүд чамайг үзэн ядах бүх шалтгаан энэ эрүүлжүүлэхийн цонхоор харагдаж байгаа шалбааг шиг тов тодорхой байх болно. Эрэгчин эмэгчнээ үзэлцэх юм гэвэл хорыг хороор гэдэг байх аа. Амьсгаа, чамайг хараахын дээдээр би харааж байна гээд улангассан этгээд амандаа баахан зүйл гөвтнөлөө. Эрүүлжүүлэхэд түүний аахилах дуунаас өөр ямар ч чимээ байхгүй. Төмөр сараалжны саарал өнгөнөөс зууралдах намар эртийн борооны үнэртэй хамт хуучирсан чийг ханх татах нь сэтгэлд ёозгүй.
Скачарт нь хүрэхээс сэжиглээд нүцгэн хөлөө тэврэн суугаа нэг атийсан амьтан хөл дор нь хөлдөж үхэх нь ээ.
Рагг`Ид түүнийг няц дэвсэлмээр санагдав. Өсгийгөө бяцартал нь тархийг нь балбамаар болоод тэвчээрээ хориглох гэж оролдох ч үгүй тэр дороо муу шалдан бацааныг байлгаад авлаа.
Шоронгийн мухар хонгилд хоёр метр орчим өндөртэй, үс гэзэг нь задгай сагсалзсан, битүү шарх сорви болсон нүүрнээс нь царай нь ялгарахгүй байгаа алмасын дор хярсан түүний хохь байв. Камерт хоригдож байгаа бусад арав гаруй нуснуудаас авиа ч гарсангүй. Рагг`И юм дугарахгүйг хичээн гийнан байгаа гөлгийн эвхэрсэн биеийг нь гараараа нэг угзчин яраад элгэн дээр нь дэвсэлж гарав. Чимээгүй яргалал, үл ялиг амьсгаадах, битүү ёолох дуун, жижүүрийн өрөөнд паржигнах хоолой, борооны газардах дуун дунд үүр цайлаа.
Цагдаа нарыг өглөө ирэхэд өнөө бяцхан амьтаныг алах шахсан байлаа. Ингэлээ гээд Рагг`И-д эмзэглэх юм байсангүй. Тэртээ тэргүй өглөө долоо өнгөрүүт мөрдөнгийнхөн түүн дээр ирэх нь тодорхой болчихсон байсан. Тэрэнд одоо хэнийг л бол хэнийг цөм шаамаар хор шар цээжин дэх аль нэгэн тасалгааны хорын тогоонд пургилж байв. Ганц зураастай цагдаа нар ч түүнтэй юм ярихыг хүссэнгүй. Түргэхэн зай болно.
Төмөр замын цагдаагийн хэлтэсийн орчимд өглөөгүүр бороо хараахан татарч амжаагүй, сэм сэм навч хаялан машин тэрэг явсан юмгүй хэдэн залуус л цувандаа шигдэн алхацгаана. Улсын мөрдөнгөөс хоёр хошууч ирсэн байлаа. Яагаад ч юм Жигүли6 унаж ирсэн тэр хоёрын машины ард Рагг`И арай хийж багтан, орооцолдон хойно нь хэвтээд "Тамхи өгөөд аль" гэж зандрав. Үүрээр зодуулсан амьтаны элэг нь бяцарсан байж болзошгүй гээд эмнэлэг рүү зөрөөд авч явж байв. Гэтэл тэр цагдаагийн хэлтэст хэн ч Рагг`И-д муухай ч харж чадахгүй гөлөлзсөн хэвээрээ л байлаа.
Үндсэн хуулийн гудамж руу хуучин орос тэрэг эрэгмэгцээ ойролцоох мухлагны дэргэд зогсов. Арай нас залуу харагдаж байгаа мөрдөгч буугаад түцнээс тамхи авч байв. Цагдаа нар энгийн хувцастай байсан ч савхиныхаа хормойг хаялж байгаа жижигхэн хөдөлгөөн хүртэл "Би бууны нохой" гэж байгаа юм шиг дотрыг нь арзагануулна. Тэр гурав замдаа юу ч ярьсан юмгүй шууд хотын хойд захыг чиглэн давхин одлоо.
Ёс болгож зүүсэн гав нь нухах нь дотор нь нэг таатай сэтгэгдэл төрүүлнэ. Яг өглөөний гөлгийг бөөрөнд нь тийрэхэд амь тасархийн наагуур гарсан дуу шиг сэтгэлд нь нэн таатай. Тэр бацаан хэрэндээ л ёолохгүйг хичээсэн байх. Үсрээд л шийртэй амьсгаа вэ гэж камерт хоригдогсод хараагаа биз. Үхчихээгүй байгаасай. Дараа нь тааралдаж сүлд сүнсгүй царайг нь дахиж нэг харах юмсан гэж тэр үйлийн үргүй хүсч байлаа.
Бэлхийн замаар явсаар урагшаа тахирласан шороон зам руу орж ирэхэд нар дээр хөөрсөн байлаа. Ойрмогхоноос аргалын утаа үнэртэнэ.
Шороон зам уулыг эгц өөдөө зорих ба цаад давааных нь араар багахан ой байдаг санагдав. Өдийд ч аньс бүр болчихоо биз гэж мань эр арай тайвширсан хоолойгоор дотроо өөртэйгээ хүүрнэх зуураа халаасаа уудлав. Алтанбулгийн цаанаас тасалж авсан жаахан ногоон юм нойтноороо халаасанд нь харласан байв. Гаргаж ирээд хойд талын цонхон тус гараз орхилоо.
Тэд төд удалгүй уулын орой дээр гарч ирэхэд хоёр хар хэрээ зөрөн нисэлдэв. Уулын эзэн нь байх нь гэж үл ялигхан хэлээд хорь орчим минут болсны дараа тэр гурав хэн ч үгүй хээр ирсэн байлаа. Хоёр мөрдөгч бууж биеийн чилээ гаргаад тамхилцгаав. Тэд зөвхөн тээвэрлэгчийн үүрэгтэй байсан ба Рагг`И-г баривчлах ажиллагааг зохион байгуулалцсан гол хүн одоо гарч ирэх ёстой байв. Хэсэг хугацаа өнгөрсний хойно арын цонхон дээрээс хатсан өвсөө аваад буцаан халааслав. Тэд хоорондоо юу ч ярьсангүй. Ойр орчимд нүдэнд торчих зүйл ч үгүй толгодын дунд оржээ. Нэлээн удсаны эцэст хэн нэгний гар утас машин дотор хангинав.
Жолоо барьж явсан цагдаа голын хайрцагнаас утсаа аван хэдэн минут ярилцсаны эцэст нөгөөдөхөө дуудаад,суумагц нь юу ч хэлэлгүй Рагг`Иг орхин тэр чигээрээ явчихав. Гавыг нь ч авсангүй.
Мань эр сүүлийн нэг сар орчим багаар боловч тасралтгүй уусан, сүүлийн гурван өдөр олигтой нойр аваагүй, өчигдөр орой нь эрүүлжүүлэхэд зогсоогоороо хоносон зэрэг шалтгаануудаар шууд унтмаар болоод тэр дороо завилж суув.
Нэгэнт нар дээр хөөрөх болсон тул аанай л сурсан зангаараа амьсгалын хэмээ удаашруулан бясалгал хийж хагас унтаа байдалд орлоо.
Туяаран цайх тэнгэрийн өнгө, хөхрөн униартах алс хол. Ирээдүйгээс ирэх ямар нэгэн чимээ. Хүсэл, хяслын гинжин хэлхээсэн дээр учирч, будилж явсан хүмүүсийн төрх. Амьдралд биш амьдрах итгэлд хайртай явсан он жилүүд. Аагиж, шуугиж явсан цагийн гэнэн зан. Балархай эгшиг шиг сонсогддог болсон найз гэх үг. Нууц амрагуудын ээдрээтэй байршил. Нүдэнд харагдах мөнгөний их тоо гарт баригдахгүй картны дансанд торойсон сүүлийн нэг жил. Орос-Монгол-Хятад дундын олон тойрогтой төмөр замаар муужирч унатлаа уйдаж явсан хором мөчүүд.
Өвлийн Байгаль далайгаас савсах уур ой моддыг цан хүүргээр будаж орхих шиг гэнэт хээр хаягдан, тэр чигтээ бясалгал хийсэн нь Рагг`Игийн бодлыг овоо цэгцэлж өгөв.
Аман хуураа тэр их л үгүйлэв. Нар руу нүдээ аниж байгаад ширтэн хуураа татах ямар сайхан байдаг сан билээ. Энэ үед өөртэй нь долоон жил ханилж, үерхэж явсан бүх найз нар нь урвасан эмзэглэл дотроос зовоохоо болиод байв. Хайртай эхнэр нь анх дөрвөн жилийн өмнө танилцаж байсан тэр цагаас эхлээд шатрын өрөг дээрх солионы бод болсноо өнөө хэр гадарлаж байсан ч арай ч үгүй биз дээ гээд итгээд өнгөрсөн ганц бүдрэлт ийм л байж.
Нартын амьдралын гучин жилээ
Найман бадагтай тамлагадаа багтаая аа
Нойрны ертөнцийн мянган жилээ
Нэгэн мөчийн өчилд шингээе ээ
Нутгийн зөөлөн хөрс шороондоо
Намрын хураар мордоод буцъя аа
Намайг тэтгэсэн олон тэнгэртээ
Нүгэл юугаа хүлцье ээ би,
гээд харанхуй ертөнцдөө буцлаа.
Categories: