Хаврын эхэн сарын шинийн наймны наран хуучин хот Бархадад зэгэл саарал туяа татуулан, баруун хүрээ орчимын байр байшингууд нэгэн янзын соёлын холимог хайлш болж бодолд сүр жавхлангүй ёрдойн үзэгдэнэ.
Их хүрээний зүүн харуул уулын бараа эндээс харагдахгүй, оронд нь хуучин оросуудын барьсан хөх бетонон барилгууд хаажээ. Түүний дээгүүр манайд эзэн булаалдсан хятад, солонгосын өндөлзөөг илт харуулах шинэ гэгдсэн гозгор тагзнууд энд тэндээс нь өнгөлзсөн дүр зураг сэтгэлд хүйтэн харагдана.
Тэнгэрийн хөх өнгө Хан уулын оройгоор Бархад хотын агаар мандалтай хил залгаж, энэ завсарт эсэн бусын хүн явдлын балгаар дэгдсэн цэгээн саарал униар Туулын хөндийг эзэгнэн данайжээ.
Арслантай авдарын ёроолд мартаж орхисон нандин эрдэнэс лугаа адил угийн бичгийн
үг үсгийг тайлна гэдэг өдгөө санашгүй зүйл болж орхилоо.
Хэзээнээсээ бид ийм ахархан орон зайд харалган бодолтой явлаа даа? Газрын зураг унших, нутаг орны чимээ амиа юу болж байна гэж цээжнээ тольдож суудаг улс ч ховордов. Ард олны санаа бодол арслантай муу авдраа хэмхчиж, зууханд өрдөж орхиод оронд нь хятад газраас дамын үнээр олон гар дамжуулж авсан төмөр хайрцагандаа яаж илүү их цаасны овоохойтой болох вэ гэж шар нар, бор хоногыг өнгөрөөсөөр би хэн бэ гэдгээ ч мартаад хэдэн он удлаа даа.
Номын цагаан хуудас цагийн эрхэнд гандан шарлаад түүн дээр бичигдэн үлдсэн үйл явдал одоо хэний сэтгэлд эрхэм байна вэ? Угтаа удам сударын тэр ариун хэлхээнд олон нүүдэлчин овгийн үсэрсэн цус, халисан алдар нэр, амьдрах итгэл, ертөнц дахиныг үзэх билгийн нүд бий юмсан. Гэтэл энэ зуур Бархад хотын гудамж талбай алгуурхнаа нэр усаа хотонд ирээд хонь минийх шүү гэж дээд шүүхэд зарга мэдүүлэгч загас жараахай идэштнээр хэдэнтэй солиулав. Иш чааваас, түүнд нь олигтой ухаан сэдэхээс илүүтэй яаж энэ Туулын хөндийгөөс арилж одох вэ гэж түмэн ард диваажингийн тийз болсон харь улсад зорчих пиу горилж, авлигад мэргэшиж, зусарт зулгуйдсаар л авай.
Бичиг соёлын өндөр боловсрол хэрэглээтэй нүүдэлчид өөрсдийн бичээчдээ хойч удамдаа амьдрах ухаан сийлэх арга залийг даатган үлдээдэгсэн. Олны санаа гэдэг омголон далайн давалгаа шиг халгин цалгисаар сайн цагийн аясаар түрлэг нэмж, самуун явдлын үрээр татарч л байдаг ч эрэг нь усаа хашч, эзэн нь юмаа мэддэг гэдгийг марталгүй хэдэн мянган болсонсон.
Эзэн хааны ордонд улааныхан эрх ямба эдэлж дөрвөлжин бичиг мандаад, халхын хангуудын өргөөнд түвд үсэг түвчигнэж засал нэртэй элдэв хорлол үйлдээд, засгийн газрын ордонд славян соёл бурангуй ёсын буртагийг арилгаж билгийн нүдийг сохлоод, Пийлэн, Жийбэн сэтгэхүй даяар дэлхийн тэргүүлэх соёл мөн гэж бидний залуус сэтгээд энэ хүрсэн замналд хичнээн алдаа эндэгдэл буй? Хамаатан садан, ахан дүүсийн барилдлагаа одоо бид танихаа байсан ижлээсээ төөрсөн ишгэн бодолтон болсон бус уу?
Хаана байна вэ? Алтай, Хангайн завсарт эрх зоргоор, дур хүсэл чөлөөтэй хийсч явсан олон зоны үр удам. Эх этүгэний энгэр хэвлий уудам дэлгэр билээ л. Аль асгатаар /Аляск/ мөсөн тивд хүрээд сайд нуурын эрэгт /Sait lake/ шүтэж тахисан онго тэнгэртээ зориулж гэрэлт хөшөө босгоод цааш аянаа үргэлжлүүлсэн цорос омгийн индианууд эцэг тэнгэрээ дуудахдаа эртний түүхээ тамлан магтдаг л гэнэ.
Ай, түүхийн уудам бэлчирээс таширласан мянга түмэн учрал, үйлийн үрийн зам харгуй ороолдсон бүхнийг энэхэн нас эмхэтгэж амжихгүй ч миний хойдод есөн ес үе минь үлдэх л болно. Тэр цагт би өөрийн удамдаа залраад ирэхийн учрал бий л юмсан. Энэ амьдрал зүүдний байшин мэт, энэ бие зээлийн оромж мэт хэмээн айлдсан Догшин хутагтын үг аргагүй үнэн билээ л.
Ургах алтан нарны урт жолоо нь талбиулаад хаврын эхэн сарын урь ороход цээжинд цэгцэрч амжаагүй үгийн дунд эд хөрөнгө дээд тэнгэрээс гуйсан нэгээхэн үг байсангүй. Цээл ухаантай өвгөдийн цэцэлсэн амьдрах мэлмийн гэгээ өчүүхэн ухаан бодолд гийж л байвал эрхэм юмсан. Арвангуравтаас дээш эрс бүхэн цэрэг гэдгээ эргэн санавал сайнсан. Атаат дайсны арга залинд андалдаж эндэгсэд сэхээрвэл учиртайсан. Аврал, тэнхрэлийг айлын бурхадаас гуйхаа больчихвол чөлөө учрал үзэхсэн. Айл бүрийн эрс өөр өөрсдийн голомтондоо бос бос, алганаас чинь ургах алт ариун явдлаар ирнэ гэдгийг сэхээр, сэхээр.
Categories: