Зуны шөнө богино тул, өглөөний найман цагт нар нэгэнт дээр гарчээ. Унтсан нойроос арайхан сэрмэгц нэг янжуур асааж, шившив. Чилсэн биеийг талбируулан тvр зуур хэвтэхийн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн дороосоо авч vзвэл, химич харандаагаар бичсэн хэдэн vсэг бараг бvрэг vзэгдэхэд тvvнийг шvлсээрээ норгон, улмаар ажиглавал: “Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад, Ина (Нина)” хэмээх хэдэн vсгийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхойгvй, юун тухай бичсэн нь огт мартагдсан тул, дахин нэг удаа алгуурхнаар уншиж эцсийн vсэг дээр нь хvрвээс, Ина хэмээх нь миний хуучин амраг охины нэр цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхvv охиныг хэдийнээ хайлаас модны сvvдэрт тэврэн vнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сvvдэрт vзэгдэхэд даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдvгээ хол ба ойрыг улируулан бодох тутам ийн тийн уяран мэлмэрч, зvvд мэт болон зэрэглэсээр, агшин зуур vvргэлсэн нь татаж бvхvй тамхины vнс хэнхдэг дээр унахад, гэдрэг сочин сэрэхvй лvгээ уг тэмдэглэлийн учир утга юу болохыг эргэцvvлэв. Үvнд юуны урьд мөнхvv бичсэн хvний нэр дээрээс эхлэн бодвоос Ина хэмээгч нэг залуу цэвэрхэн охин бөгөөд долоон жилийн урьд би тvунтэй хязгааргvй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ, энэтэйд завсарлагдан, сэтгэл зvрх ташаалагдсан бөлгөө. Хожим хайртай, Ина хаана одсоныг мэдэхгvй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод алмайран гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсаргvй, өдрийн тэмдэглэлийг vзэхэд vл мэдэгдэх утга бvхий хэдэн vгсийн дотор тvvний нэр байхыг vзээд, зvрхний дотор зул ноцвой.

Эргvvлэн санавал, эдгээр хэдэн vсэг нь тvvний бие надаас салахад миний дэвтэр дээр тэмдэглэн өгсөн сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн утга нь басхvv далд амой. Өнөө ухамсар авч бодвоос Ина болбол энгийн хvн бус бөгөөд эрдэмтэн охины манлай мөн тул, энэхvv бичсэн нь лав нэг учиртай биз.
Үvний учрыг олбол, Инаг олох нь магад хэмээн сэтгэмэгц нэг аяга цай авчруулан уугаад, мөнхvv хэвтээ хэвээр уг тэмдэглэлийн утгыг шинжлэн боловсруулж эхлэв. Энэ vед манай тогооч их л сvрхий царай гаргаж, надаас асууна: -Ай, данжаад, яасан. Бие өвдсөн?

-Үгvй, зvгээр.
-Ай, би айж байна шvv. Царай муу байна.
-Зvгээр, ядарч байна.
Дараагаар би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгvvрээ нөмрөөд цааш бодов. Манай тогооч “Ай” хэмээгээд гарч одов. Нэг цаг орчим зvйл зvйлээр эргэцvvлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд юу хэмээвээс наймдугаар сарын гучны бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэг удаа шалгаж бодвоос, ер vvнээс зайлахгvй агаад хуанлийг авч vзвээс наймдугаар сарын бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц, “Морийг барь, эмээллэ” хэмээн тогоочид хэлбэл, тvvний бие өмнөөс их нvд гаргаж, “Яасан данжаад” хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод “Ай, эмээллэсэн ба шvv” хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг аван, шаламгайлан гарч, морин дээр мордсон хойно боловч, аль зvгт одох ба “Харанхуй хад” хэмээгч нь ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгvй тул, дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов.

Үvнд манай тогооч хажуугаас “Ай, явахгvй яасан? Юу мартсан?” хэмээн vглэж баймой. Гэтэл миний морь удаан зогсоход хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмvvлэн тогтож ядахад жолоогоо султгавал тэр баруун өмнө зvг алхлав. Үvнд би нэг зэрэг бодоод морины хаашаа чиглэсэн тэр зvг шууд явав. Тvvнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хvн амьтан vзэгдэхгvй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгvй, сэтгэл уйтгарлах нь хязгаарлашгvй. Морь хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт vгvй болохуйяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар, хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэг цайдам газар хvрч очвоос, дөрвөн зvгт юу ч vзэгдэхгvй, харин тэртээгvvр бараан vvл хурж бороо орох янзтай байв.

Санамсаргvй хvрч ирсэн зэрлэг цөл газрын байдал төдий л тааламжгvй. Дэмий л гайхмуй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрvvлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зvvдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих нь соотгонож, хамар нь хуухинахад сэр хийтэл сочиж, ийш тийш ажиглавал, тэртээ хажууд нэг амьтан явна. Юу ч болов очъё хэмээн шууд давхин ойртвоос, vнэг буюу чоно буюу аль нь танигдахгvй нэг амьтан улам цааш зугтаамой. Морийг ташуурдаж довтолсоор гvйцэн очвоос vнэг ч бус, чоно ч бус, харин нэг нохой явмуй.

Өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сvvлээ шарваад, баруун зvг удирдан явахыг vзвэл, айлын ч нохой бололтой, ангийн ч нохой байдалтай тул, цангасандаа, лав нэг хvнтэй газар хvрэх биз хэмээн итгэж, хойноос нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбал, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар бөгөөд тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан нь vзэгдэнэ. Нохойны явах нь алгуур болоод удалгvй нэг толгой тойрмогц, цаана нь нэг хар овоохой харагдав. Гадуур нь нэг ч малгvй, харин дэрс бут vргэлжилжээ. Нэг настай хар хvн гарч ирээд, нохойгоо даллан дуудаж амуй. Миний бие хагас өдөр хээр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, бие зvдрэн, санаа галирсан тул, айл гэрийг vзээд амраг Инатай учирсан адил баярлаж морио тушаад оров.

Хар хvн дагалдан ороод, зvvн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхvv хар хvн гуч илvv настай бөгөөд илгэн дээл өмсөж, суран бvс бvсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зvvн өмнөд хатавчинд vстэй дээлээр нэг хvн хучаастай хэвтэж байна. Дун буурал толгой цухуйж байна. Хар хvн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгvй нэхvvн vнэртэй боловч, умдаасаж өлссөн минь их тул аргагvй ууж идэв. Гэдэс бага тайтгарч, бие бага амарсан хойно Ина сэтгэлд орж ирэхэд “Харанхуй хад” хэмээгч газрыг хар хvнээс сурваас: “Би энд өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хvн тул, ойр хавийг газрыг бараг мэднэ. (Энэ завсар миний сэтгэлд баяр төрж авай) Гэвч тийм нэртэй газрыг сонссонгvй” хэмээхэд миний урам хугарч, одоо хаашаа явахаа мэдэхгvй алмайрна.

Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээгч газар хаана байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зvг найман зовхисыг тойрон зуун жил, мянган он эрэвч бас олдохгvй байж болмой. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сvйдэж, биеийг зовооно. Энэ мэтээр гайхан, царайгаа барайлгаж нэг vе суув. Гэтэл тэртээ хажууд хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу, онгон юм уу алиныг мэдэхгvй нэг юмны өмнө мөргөхөд хар хvн их л гайхсан байдлаар харж: “Эмгээ, эмгээ!” гэж байна. Энэ vе би мөн гайхаж, хөөрхий энэ авгай vдшийн залбирлаа хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордъё гэж сэтгэж байлаа.

Гэтэл эмгэн тэрхvv тахилын тэндээс нэг юмыг аваад хар хvнд өгч: “Хvv минь, энэ бол манай эцэг өвгийн vеийн юм, энэ хvvгийн хэлж байгаа газар байх магадгvй” (хэмээмэгц миний чих сортойж, нvд ширтэн санаа тавив) “Бараан цохио хэмээн нэг газраас олсон ховор юм гэнэ билээ” хэмээхэд хар хvн тvvнийг авч vзээд: “Эмгээ зөнөглөх гэж, аяны хvнийг одоо төөрvvлэх нь” хэмээгээд ширээн дээр тавьсанд би тvvнийг яаран авсан нь тэр нэг хэсэг чулуу болох нь хvнд тул гараас мултран газар унамагц хоёр хэсэг хагарсан бөгөөд авч vзвэл, яах аргагvй хир болсон нэг чулуу байв.

Би хэдэн удаа эргvvлж vзээд хар хvний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын vед оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхvv чулууны хагарсан тал дээр гилтгэнэмэгц гэнэт сонирхол төрж эргvvлэн ажиглаваас, харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би тvмэн бодисын зvйлийг их л сонирхдог учир чулууны аймгийг нэлээд ялган салгаж танихын тул, мөнхvv айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн, энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав. Тvvнээс нэг хэдэн цаг болсны хойно тэртээ харагдаж байсан уулсын хормойд хvрсэн бөгөөд мөнөөх их мөрний усны гvнд арайхан гарч, мөнхvv уулын нэг амыг өгсөхөд ой мод vргэлжилсэн бөгөөд шавар, намаг vлэмж, нэгхэн ч зам мөргvй, хааяа нэг хар хэрээ vзэгдэхээс өөр амьтан vл тохиолдоно.

Нар нэгэнт шингэж бvрий баруй болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч vгvй болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явав. Гvн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бvрхэж байсан бороо сая асгаран оров. Ширvvн салхинд модны мөчир гуйвалзан шуугих бөгөөд аянгын дуу сvртэй хvржигнэмvй. Алхах тутам шавар намаг болоод гуу жалга тохиолдмой Энд тэнд чоно ульж, басхvv тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бөгөөд даруй vс босож, зvрх догдлон, сэтгэл яарна. Өдөр дөрвөн зvгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдvгээ дөрвөн зvг нь хаана хааш болохыг нэгэнт алджээ.

Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг хэдийнээ умартаж, гагцхvv амиа хамгаалж явахыг урьдал болгов. Угаас шалгадаг ухааныг шvтэж, боловсронгуйгаар хvмvvжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Тvvнээс бороо улам ширvvдэж, дуу ба цахилгаан vргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн олшров. Урагш явъя хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагvй, гэдрэг буцъя хэмээвээс замаас нэгэнт төөрчээ.

Дөрвөн зvг туршивч, хад асга харанхуйлан хашиж, сvvхийлцэн хэртхийлгэхээс өөргvй. Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь энэ газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч, ийм оронд энхрий Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж суун, тvмэнтээ сочиж, мянгантаа хирдхийн, хэзээ нар мандахыг хvлээнэ. Гэтэл морь нэгэнт vргэн Харанхуй хадны дунд хангинатал янцгаах дуу ясанд тултал жихvvцvvлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч ихэд сочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээд удсаны хойно сэргэж vзвээс толгойгоо нэгэн хvний дээр тавьсан буй, унтсан ба зvvдэлсэн ба гэртээ буюу хаана бvхvйг мэдэхгvй сочин босож vзвээс янаг охин Ина хажууд зогсож байх бөгөөд vзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтvvлэн баймой.

-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш явахыг мэдэхгvй байтал тэмvvлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэг зэрэг бодож итгэснээр чамайг олж ирэв.
-Их хvн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхvv харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга тэврэлдэж vнсэлдэв.
Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай харин тvvний байдлыг хасын охин сонирхмой. Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд Ина охины адил идэр хvний сэтгэлийг булаамой.

Д.Нацагдорж

Categories:

Leave a Reply