Цаг хугацааны дуран авай
Одонорон, геофизикийн судалгааны төв
Улаанбаатар одонорон судлах оргил
Одонорон судлаач Т.Баяраа
Хаа ч харсан дүүрэн тольтой, уртаас урт муу усны хоолойд явж байна гэж нэг хүн зүүдэлжээ. Зүүднээсээ сэрээд тэр хүн “Хүмүүс гэдэг бол аварга том муу усны хоолойд амьдардаг ба тэднээс хаяахан маш цөөн хүмүүс дээшээ тэнгэр рүү” хардаг гэж хэлсэн байдаг.
Тэр одон орончийн хэлсэн муу усны шуудуу харин нүүдэлчин монголд байгаагүй л болов уу? Хязгааргүй талын дунд мэндэлсэн нуган үрсийн төсөөлөл үргэлж ертөнц адил задгай байдаг. Тансаг даруухан амьдралтай монголчуудаас хэн тэнгэр өөдөө харахгүй байх вэ? Төрсөн гэр минь тэнд тэнгэрт, огторгүйд байгаа шүү дээ.
Ж.Ч: Одон орон судлалын хамгийн гол онцлог нь юу вэ?
Т.Баяраа: Одонорон судлал нь Оронзай - Цаг хугацааны асар их хэмжээс бүхий талбарт судалгаагаа явуулдаг. Одонорон судлалын “лаборатори” бол огторгуйн хязгааргүй мэт уудам юм. Дээрхи өгүүлснийг энгийн жишээгээр тайбарлавал илүү ойлгомжтой болох болов уу. Өнөөдрийн бидэнд ажиглагдаж буй квазар хэмээх нэгэн биет манай оддын айгаас 13.4 милиард ( 1 милиард гэрлийн жил нь 1000 сая гэрлийн жилтэй тэнцэнэ ) гэрлийн жилийн зайнд оршдог. Энэхүү биетээс цацарсан гэрэл 300 000 км / сек хурдаар тархасаар бидэн дээр 13.4 миллиард гэрлийн жилийн дараа ирж байна гэсэн үг юм.
Энэ нь нэг талаас өнөөгийн ажиглагдаж буй Ертөнцийн хязгаар 13.4 милиард гэрлийн жилийн дүүрэгт багтахыг өгүүлэх хэдий ч, нөгөө талаас тэрхүү квазараас ирэх гэрэл нь бидэнд 13.4 милиард жилийн өмнөх ертөнцийн төлөв байдлыг өгүүлнэ. Ийм байдлаар бид цаг хугацааны өнгөрсөнд аялаж байгаа хэрэг. Одонорон судлалын бас нэгэн онцлог нь одонорон судлалын ажиглалт. Хэрэв физик, хими, биологийн лабароторын туршилтын явцыг өөрсдийн хүслээр гар биеэ оролцуулан өөрчлөн судлах боломжтой байдаг бол одонорон судлалд ийм боломж үгүй. Өнөөдрийн манай Нарны аймгийн гариг хоорондын автомат станцуудын судалгааг эс тооцвол алсад орших, тэнгэрийн эрхсээс ирэх гэрлийн дохиог бид бүртгэж авах цорын ганц бололцоотой. Нэг ёсны тэнгэрийн эрхэс “эхээс яаж төрсөн яг л тэр чигээр” нь бид судлах боломжтой гэсэн үг юм. Зөвхөн энэхүү ирэх гэрлийн тусламжтай, тэнгэрийн эрхэсмйн хөдөлгөөн, бүтэц, гарал үүсэл, хувьслыг Одонорон судлалын шинжлэх ухаан судалдаг билээ.
Ж.Ч: Одонорон судлалын өнөөдөр ямар байдалтай байгаа вэ? Ирээдүйн чиг хандлагых нь тухай ярьж өгөхгүй юу?
Т.Б: Одонорон судлалын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлагыг дээд байгууллага болох Олон Улсын Одонорон судлалын Холбоо ( IAU – International Astronomical Union ) тодорхойлж өгдөг. Олон Улсын Одонорон судлалын Холбоонд Гүйцэтгэх хороо, 12 дивизийн 50 гаран ажлын тогтмол комисс үйл ажиллагаагаа явуулж байна. 12 дивизийн гэдэг нь Одонорон судлалын үндсэн 12 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг юм. Жишээ нь Суурь Одонорон судлал, Нарны, Гаригийн системийн, Оддын, Хувьсах оддын гэх мэт
тус тусдаа ондоо тул одонорон судлалын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлагын талаар энд ярилцана гэдэг утгагүй байгаа биз.
Ж.Ч: Эх дэлхийтэй ижил гаригууд илрүүлэх зорилготой Кеплер дурангийн талаар ярьж өгөхгүй юу?
Т.Б: Манай эх дэлхийтэй ижил гаригийг өөр оддын аймагт хайн илрүүлэх зорилготой сансрын “Kepler telescope”-ийг энэ оны 3-н сард хөөргөсөн билээ. 3.5 -н жилийн хугацаанд, манай нарны аймагт харьцангуй ойрхон орших өөр 100 000 оддыг ажиглан, гаригуудыг нээн илрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Кеплер дурангын ажиглалтаар амьдралтай байж болох бүсэд Дэлхийтэй төстэй болон том хэмжээний (Бархасбадь,Санчир гэх мэт ) хичнээн гариг байгааг нээн илрүүлэх, тэдгээрийн тойрог замын параметрүүдийг болон хэмжээсийг тооцоолох, одных нь шинж чанарыг тодорхойлох гэх мэт ажлыг гүйцэтгэх юм. Сансрын дуран дээр 50 х 25 мм –ийн хэмжээтэй тус бүр нь 220 х 1024 pixel бүхий 42 ширхэг гэрэл бүртгэгч матриц ( CCD – Charge - Coupled Device ) байрлаж байгаа болно. 14 болон түүнээс их хэмжэгдэхүүнтэй оддыг судлагааны хүрээнд багтааж байгаа болно. Photo 01 Сонирхуулахад өөр одны гаригийн хайгуулын ажил эхлээд 20 гаран жил өнгөрлөө. Анх 1988 Канадын одонорон судлаач B.Campbell, G. Walker ба S. Yang нар анхны өөр одны дэргэдэх гаригийг нээн илрүүсэн. Түүнээс хойш 2009 оны 11 сарын байдлаар нийт 343 одны аймгийн 405 гаригийг нээн илрүүлээд байна. Зөвхөн 2004 оны 8 сард Дэлхийтэй төстэй анхны гаригийг μ Ara одны ордонд нээн илрүүлсэн.
Ж.Ч: Хүмүүс харь гаригийнханы чимээг сонсох “сансарын чих” бүтээсэн талаар ярьж өгөөч?
Т.Б: 1960 оноос эхлэн радиодурангийн тусламжтай радиодолгионы янз бүрийн мужид Харь гаригийн соёл иргэншлийг хайн илрүүлэх ажлыг явуулж ирлээ. Нэг талаас тэднээс ирэх дохиог нээн илрүүлэх, нөгөө талаас тэдэнтэй холбоо тогтоохын тулд захиа илгээх гэсэн хоёр үндсэн замаар хайгуулын ажлыг явуулж ирсэн. Гол зэвсэг нь дээр дурьдсан радиодуран юм. Хэрэв гэрлийн үзэгдэх мужид ажиллах огторгуйн дурангаар тухайн тэнгэрийн эрхсийг шууд хоёр нүдээрээ хардаг бол харин радиодурангийн тусламжтай тухайн одноос, магадгүй түүний аль нэгэн соёл иргэншил бүхий гаригаас ирэх радиодолгионыг нэг ёсны сонсоно гэсэн үг юм. Одоогоор бидэнд цахилгаан соронзон долгионы хүрээнд нээн илрүүлсэн, харь гаригийн соёл иргэншлийн дохио үгүй байна. Хэдий тийм боловч одонорончид зүгээр суугаагүй тэдэнтэй холбоо барих оролдлогуудыг хийсээр ирлээ.
Анх 1974 оны 11 -р сарын 16 –нд Аресибо одонорон судлах оргилоос 25000 гэрлийн жилийн тэртээ орших М13 оддын бөмбөлгөн бөөгнөрөлийн чигт радио захиаг нэг удаа илгээсэн билээ. Photo 02 Түүнээс хойш Нартай төстэй оддын зүг
1999 - Cosmic Call захиаг 4-н удаа
2001 - Teen Age Message захиаг 6-н удаа
2003 - Cosmic Call захиаг 5-н удаа
2008 – Бага Долоон Бурханы Алтангадас одны зүг The Beatles -ын
Across the Universe дууг 1 удаа
2008 - A Message From Earth захиаг Глизе 581 одны зүгт 1 удаа тус тус
илгээжээ. Радио захианаас гадна одоо 1972, 1973 онд нисгэсэн гариг хоорондын “ Pioneer 10 -11 “, 1977 онд нисгэсэн гариг хоорондын “ Voyager 1 - 2 “ хөлгүүд нь хүн төрөлхтөний захиаг авч яваа болно. Энэ бол тусдаа маш их түүх өгүүлэх болно.
Ж.Ч: Огторгуйн уудамруу илгээсэн хүн төрөлхтөний тэрхүү захиануудад юун тухай өгүүлсэн байдаг вэ?
Т.Б: 1972, 1973 онд нисгэсэн гариг хоорондын “ Pioneer 10-11 “ хөлгүүдийн биеэнд
бэхэлсэн сийлбэр “захианд“ манай оддын айн аль одны аймгийн хэддэх гаригаас энэхүү захиаг ямар амьтад илгээсэн тухай өгүүлсэн бол харин 1977 онд нисгэсэн гариг хоорондын “ Voyager 1-2 “ хөлгүүдэд бэхэлсэн пянзан “захианд“ Дэлхийн талаарх чухал гэк үзсэн зураг, хүний болон тэдний үйл ажиллагааны талаарх дуу хоолой, байгалийн зарим үзэгдэл юмсын авиа чимээ зэргийг багтаасан байдаг.
Ж.Ч: Сансар дах хар нүх хэмээх биет, үл үзэгдэх матери гэж юу вэ?
Т.Б: Одонорон судлалын Англи хэлнээ Dark matter гэсэн үгийг одонорон физикийн утга санааг алдагдуулахгүй хөрвүүлбэл яах аргагүй үл үзэгдээх матери юм. Орчин үеийн одонорон судлалын огторгуйн дурайн авайн шууд ажиглалтаар ажиглах болоцоогүй тийм биетүүдийг нэгтгэн үл үзэгдэх матери (цаашид ҮҮМ)
хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бидний хүлээн авагч багаж цахилгаан соронзон долгион болон бөөмлөг урсгалын нэг болох нейтринийн мужид ямарч дохио хүлээн авах боломжгүй хэдийч аливаа биетийн таталцлын оронд нөлөөлж байдаг тийм үл мэдрэгдэх биетүүдийг гэж ойлговол зохино. Маш сул цацаргалт бүхий бор одой одод, Бархасбадь мэтийн од болж амжаагүй гаригууд, цагаан одой одод, нейтрон одод, хар нүхнүүд болон оддын айн хооронд орших устөрөгчийн аварга хийн үүлнүүд нь ҮҮМ –ийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь болж өгдөг. ҮҮМ –ийн массын ихэнх хэсгийг Үл үзэгдэх энерги (Dark energy) эзэлж байдаг хэмээн өнөөдөр үзэж байна. Энэ нь сөрөг даралт бүхий, ажиглагдаж буй ертөнцийн ихэнх хэсэг жигд тархалттай тийм таамаглалт энергийн хэлбэр юм. Photo 04 Гэрлийн хурдтай аливаа биет тухайн биеийг хаян одох болоцоогүй, тийм масс бүхий биетийг Хар нүх хэмээн нэрлэдэг. Хар нүхийг ойлгуулахын тулд нэгэн жишээг авч үзье. Бүгдээрээ ямар нэгэн биетийг жишээ нь бага хэмжээний чулууг дээш чулуудъя, дэлхийн татах хүчний нөлөөгөөр тэр биет тодорхой өндөрт хүрээд буцаад унана. Одоо бүгдээрээ тэр биетийг 11.2 км / сек ийн хурдтай чулуудъя. Энэ тохиолдолд биет Дэлхийн гадарга дээр буцаж унахгүй юм. Энэ хурдыг сансрын 2-р хурд хэмээн нэрлэдэг. Одоо тэр чулуу Нарны дагуул болон хөдлөнө. Хэрэв тухайн биетийн сансрын 2-р хурд гэрлийн хурдтай тэнцүү түүнээс их байвал тухайн биетийг гэрлийн фотон (цацраг) хүртэл хаян одож чадахгүй юм. Энэ бол хар нүх. 1783 онд Английн геологч John Michell ( Жон Мичелл ) манай Нарны нягттай тэнцүү Нарны радиусаас 500 дахин их биетийн гадаргаас гэрлийн цацраг тасарч үл чадна гэсэн тооцоог Вангийн нийгэмлэгийн Henry Cavendish ( Генри Кавендиш )-т явуулсан билээ. Энэ бол анхны Хар нүх байлаа. Ньютоны механикийн Хар нүхийг бүгдээрээ 2 замаар бэлдэж болно. Нэг бол Сансрын 2-р хурдыг гэрлийн хурдтай тэнцүү түүнээс их болтол массыг нь ихэсгэн, эсвэл тухайн массыг радиусын дагуу шахан хар нүх үүсгэх боломжтой. Жишээ нь Нарыг 3 км болгон шахвал, хар нүх болгох бололцоотой юм. Photo 05 Нэгэнт гэрлийн фотон биетийг хаян одож чадахгүй тул ийм биет нүдэнд үл үзэгдэнэ. Орчин үеийн хар нүхний онол Харьцангуйн ерөнхий онол дээр түшиглэсэн байдаг. Одонорончдын хувьд тийм биетийг оддын айн төвд, хос оддын системд оршин байх боломжыг хайн судалж байна.
Ж.Ч: Оюун ухаан сансар огторгуйтай адил хязгааргүй юу?
Т.Б: Юуны өмнө оюун ухаан, сансар огторгуй, хязгаарын тухай ойлголтыг тодорхойлох хэрэгтэй. Харин дараа нь тэрхүү “тодорхойлсон” тодорхойлолтын хүрээнд уг асуултанд хариулах гэж оролдож болох юм. Дээрх гурав нь бүгд харьцангуй ойлголт тул хариулахад тун бэрх. Оюун ухаан ба огторгуйн уудмыг холбосон нэгэн сайхан үгийг энд ишлэл болгоё. Дэлхийн суут математикч Jules Henri Poincaré (Анри Пуанкаре) “ Одонорон судлал ” нийтлэлдээ “ ... Одон орон судлал нь биднийг өөрсдөөс маань өндөрт өргөж байдаг тул ач тустай.... Чухамхүү одон орон судлал нь бидэнд хүн биеэр асар жижиг хэдий ч, оюун ухаанаараа аугаа их гэдгийг харуулж өгдөг юм. Гэрэлтэн буй огторгуйн дунд хүний биеэ бараантан харагдах цэг мэт боловч‚ оюун ухаандаа тэрхүү хязгааргүй уудмыг багтаан‚ одот орчлонгын анир чимээгүй эгшигээр өөрсдийгөө жаргаах чадвартай билээ. ... “ гэж бичсэн байдаг.
Ж.Ч: Хүн оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх, хайрлах хэрэгтэй вэ?
Т.Б: Хүн өөрсдийгөө оюун ухаант амьтан хэмээн өөрөө өөрсддөө зарлаад удаж байна. Оюун ухаанаа эерэг чиглэлд хөгжүүлэх талаар мэдэж суралцъя гэвэл Орчин үеийн шинжлэх ухааныг Буддын шашны (Энэтхэг болон Төвдийн Буддын шашны бүтээлийг онцлох байна) бүтээлтэй хослуулж заалгуулан суралцах хэрэгтэй болов уу.Оюун ухаанаа эсрэг чиглэлд хөгжүүлж бас болно. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо нэр хүнд мөнгө хөрөнгө, албан тушаалаар худалдсан, этгээдүүд үүний нэгэн хар бараан балиар жишээ болно. Хүн оюун ухаанаа хайрлаж гамнах гэдэг асуултад: Дэлхийн олон суут эрдэмтэн мэргэд хэрэв оюун ухаанаа арчлан, гамнан, хайрлаж байсан бол бид өнөөдөр Ертөнцийн талаар ямар төсөөлөлтэй байх байсан бол оо?
Ж.Ч: Хүн бүхний итгэл үнэмшлийн тайлагдашгүй, аварга хязгааргүй хүчин болсон шашин гэж юу гэсэн үг вэ?
Т.Б: Өнөөдөр дэлхийн ихэнх мэдээллийн хэрэгслээр “шашин” гэдэг үгийг Religion гэх үгтэй нэгэн ижил ойлголт болгон бичдэг. Уул нь Буддын шашныг судалж ирсэн, судалж буй жинхэнэ эрдэмтэн мэргэдийн бүтээлээс Шашин гэдэг үг нь танин мэдэхүй гэсэн утгыг агуулсан Санскрит үг болохыг олж мэдэж болно. Буддын шашинд Ертөнцийг бүтээгч эзний (God) тухай ойлголт үгүй. Тэгэхээр Буддын шашин гэдэг үгийг хэрхэвч Religion гэдэг үгтэй адилтган хослуулан хэрэглэж болохгүй. Монголын зарим нэг их сургуулийн багш нартай уулзан шашин гэдэг үгийн утгыг асуухад дэлхий нийтээр religion гэж хэрэглэдэг тул бид дагаж явдаг гэсэн хариултаас өөр зүйл олж мэдээгүй билээ. Гадны хүний буруу ойлгон томъёолсон нэрсийг бид ямар учиртай сохор мэт зөвшөөрөн дагана вэ? 2000 оны эхээр Esperanto хэлний Ч.Догсүрэн агсан ертөнцийг бүтээгч эзэнтэй Лалын, Христосын гэх мэт Religion –ий урсгалыг номлолынхон хэмээн хөрвүүлж орчуулах нь зөв хэмээн надад зөвлөсөн билээ. Аливаа үгийг буруу орчуулж, хөрвүүлснээс болж үгийн мөн чанарыг үндсээр нь алдагдуулж буруу ойлгох явдал болдог. Хамгийн аймшигтай нь төд удалгүй энэ буруу ойлгоод хөрвүүлсэн нэр тоъёолол нь ханиад мэт тардаг. Жишээ нь Монголын бүх мэдээллийн хэрэгслээр маргаашийн зурхай гэж их ярьж, бичдэг. Уул нь маргаашийн мэргэ төлөг хэмээн орчуулбал Европ хэлний Astrology, Horoscope гэдэг үгстэй арай ойрхон буухсан.
Ж.Ч: NASA- гийн мэргэжилтнүүд шашны хүмүүстай хамтарч ажилладаг гэж сонсож байсан юм байна. Одон орон судлал болон шашны талынханы хамтын ажиллагаа гэж байдаг уу?
Т.Б: 1960 аад онд манай одонорон судлах оргилыг байгуулагч Нинжбадгар гуай анх одон орон судлал болон шашны талынханы хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байсан билээ. Хоёр жилийн өмнөөс Гандандэгчилэн хийдийн тэргүүн Чойжамц гуйан тусламжтай Шашны Дээд Сургуулийн зарим нэг багш нартай хаяа нэг уулзалт зохион байгуулж зарим нэгэн ажлыг хэлэлцэн ярилцдаг болсон. Энэ явдлыг эс тооцвоос бараг үгүй дээ. Уул нь тогтмол хамтарч ажиллах олон чухал асуудал байгаа юмсан.
Ж.Ч: Дэлхийн төгсгөл, мөхөл сүйрлийн талаарх олон таамаг зөгнөл бий. Одонорон судлалын зүгээс эдгээр зөгнөлүүд бүгд няцаагддаг уу?
Т.Б: Дэлхийн болон хүн төрөлхтөний мөхлийн талаар байж болох бүх төрлөөр Америкчууд кино болгон гаргаж тавьсан. Кино хийсэн тэд мөнгө олж, үзсэн хүмүүс нь хамгийн багадаа гэхэд оюун ухаан санааны алмайралд ороод дуусдаг. Нэг талаас сансар байгалийн гаралтай, нөгөө талаас хүний өөрийн буруу үйл ажиллагаанаас болон хүн төрөлхтөний соёл иргэншил болон амьд байгалийн их сүйрлийг үзүүлдэг шүү дээ. Ихэнх нь шинжлэх ухааны ололт амжилтан дээр үндэслэн гаргасан ирээдүйн хар бараан зураглал. 1990 оноос хойш “ ирээдүйг хардаг “ хүмүүсийн урьдчилан хэлснээр миний мэдэхээс янз бүрийн байдлаар Дэлхий маань 10-аад удаа “сүйрсэн” билээ. Одонорон судлал цаг хугацааны хувьд ийм төрлийн баталгааг няцаан дардаг. Жишээ нь 2012 он Маяагын ( Maya ) цаг тооны бичгийн нэгэн үе солигдох мөчийг дэлхийн сүйрэл болох төгсгөлийн хугацаа мэт шуугиан дэгдээсэн нь нэг хэсэг хүмүүсийн мөнгө, нэр хүнд олох гэсэн ээлжит арчаагүй арга болов уу. Юуны өмнө дэлхийн сүйрэл гэж дэлхийн бөмбөрцөг хуваагдан, чулуу тоосонцор болон устаж үгүй болохыг хэлнэ үү, эсвэл дэлхий дээрх хүн төрөлхтөн устаж үгүй болохыг хэлнэ үү гэдгээ ялгаж салгах шаардлагатай юм. Дэлхийн мөхлийн талаарх ихэнх сансрын гаралтай таамаглалууд нь одонорон судлалын ажиглалтаас мөрдөгдөн гарч ирсэн. Жишээ нь солирийн бөмбөгдөлт, манай Нарны ойролцоох хэт шинэ одны дэлбэрэлт гэх мэт юм.
Өнөөгийн шинжлэх ухааны хөгжилийн түвшин нь сансрын гаралтай их сүйрлийн дараах үр дагаварыг зураглах хэдий ч урьдчилан хэлэх хараахан чадваргүй байгаа билээ. Өнөөгийн түвшинд шүү дээ. Хэдий тиймч манай Нарны аймгийн Дэлхийд аюул учруулж болзошгүй эрчимт биетүүдээс аль нь манай Дэлхийг хэзээ мөргөх, хэдий хэмжээний аюулыг учруулж болзошгүй вэ гэсэн асуултанд хариулах чадвартай. Жишээ нь 2004 онд нээгдсэн 99942 Apophis (Апофис.) гэдэг бага гариг 2036 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлалын талаар нэг хэсэг ихээхэн шуугив. Сүүлийн ажиглалтыг үндэслэн тооцвол 2029 онд Дэлхийгээс 29 000 км-ын зайтай нисэн өнгөрч,харин 2036 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлал 1:45 000 –аас 1: 250 000 хүртэл багассан. Энэ нь өнөөдрийн ажилалтаар энэ биет Дэлхийтэй мөргөлдөхгүй гэсэн үг. 2036 он хүртэл энэ биетийн тойрог замын параметрүүдийг одонорны ажиглалтаар улам нарийн тодорхойлж байх болно. 1968 онд Австралийн одонорон судлаачид 1566 Icarus (Икар) бага гариг Дэлхийг мөргөн Африк тивийн Энэтхэгийн далайн эрэгт унана гэсэн тооцоог гаргасан. ЗХУ болон АНУ – ын одонорон судлаачдын дахин тооцоогоор 1566 Икар бага гариг Дэлхийгээс 6.4 сая км-ын (Дэлхийгээс Сар хүртэл дунджаар 384 000 км) зайтай өнгөрнө Дэлхийтэй мөргөлдөхгүй хэмээн зарласан боловч оройтсон байлаа. Хэвлэл мэдээллийнхний хурдан шуурхай ажиллагааны “ачаар” олонч хүн хойд насаа өөр өөрсдийнхөөрөө даатгаж Дэлхийн сүйрэлд бэлдэцгээж байсан түүхтэй. Жишээ нь хэрэв Дэлхийг Сарны хэмжээний солирийн биет мөргөж, хуваан бутлах аваас энэ бол яах аргагүй Дэлхий устан мөхөж байгаа нь тэр.
.Ч: Таны бодлоор хүмүүс дэлхийн төгсгөлийн тухайд аль талаас нь харах нь зүйтэй вэ?
Т.Б: Мэдэхгүй. Ер нь тэгэээд их сүйрлийн талаар бага уншиж, энэ талаар гаргасан хар бараан кино юмсыг болж өгвөл үзэхгүй байх нь тухайн хүний оюун ухааны амгалан байдалд хэрэгтэй болов уу.
Ж.Ч: Монголд одон орон сонирхдог хүүхэд, залуучууд нэлээдгүй байдаг. Тэдэнд сургалт хийх ямар боломж байдаг вэ? Сургалт явуулж, боловсон хүчин бэлдэхэд ямар асуудлууд тулгардаг вэ?
Т.Б: Одонорон судлалын талаар сургалт явуулах боломж байх боловч олон хэцүү асуудалтай тулгардаг. Наад зах нь сургалт явуулах байр сав, ном, сурах бичиг, тухайн хүүхдүүдийн хүсэл эрмэлзлэл гэх мэт олон зүйлс бий... Ирээдүйн боловсон хүчин бэлдэхэд нэг талаас 10н жилийн хичээлд Одонорон судлалын хичээлийг оруулж, нөгөө талаас Одонорон судлалын дугуйланг ядаж ганцыг ажиллуулах хэрэгтэй. Энэ бүгд байсан юм шүүдэз...1989-1990 оноос эхлэн 10-н жилийн сургалтаас Одонорон судлалын хичээлийг хасан, физикийн хичээлийн ганц хоёр бүлэг болгон оруулж эхлээд, сүүлд нь бараг устгав бололтой. Одонорон судлалын мэргэжлээр, мэргэжлийн сайн боловсон хүчин бэлдэхийн тулд багаас нь хүүхдийг бэлдэх нь чухал.
Өнөөдөр ийм боловсон хүчинг бэлдэхэд нэг талаас тухайн хүүхдийн чин хүсэл, нөгөө төлөөс тэднийг үнэн сэтгэлээсээ бэлдэх сайн мэдлэгтэй багш нар нэн чухал юм. Одоохондоо би аль алийг нь олж харахгүй байна.
Танд тэр асуудлыг шийдэх эрх байлаа гэхэд та юунаас эхэлж, яаж хийх вэ?
Үндэс сууриас нь эхлэнэ. Намуудаас асар хол жинхэнэ засгийн газар, жинхэнэ хууль цааз, өөрийн гэсэн жинхэнэ мөнгөн тэмдэг, Монгол улсыг жинхэнэ тусгаар тогтнолтой болгох... Дараа нь Одонорон судлалын мэргэжлээр, мэргэжлийн сайн боловсон хүчин бэлдэх асуудал нэг их хүнд биш байх болно.
Ж.Ч: Гадаадад одонорон судлалаар суралцъя гэж сонирхож байгаа хүмүүст ямар сургуулиуд санал болгох вэ? Ер нь ямар хүн одоноронч болдог юм бэ?
Т.Б: Одонорон судлалаар сайн мэргэжил эзэмшье гэвэл тийм их сургуулиуд нэг их биш дээ. … Өөрийн сайн мэдэхээс гэвэл Оросын Москвагийн Их Сургууль, Америкийн Аризоны Их Сургууль, Английн Кембрижийн Их Сургууль байна. Зүгээр нэг Диплом авах түвшинд бараг ямарч хүн болох байх,
харин Одонорон судлаач болохын тулд одонорны шинжлэх ухаанд хайр сэтгэлтэй, амьдралынхаа ихэнх хугацааг зориулж чадах тэвчээртэй тийм хүн байх болов уу
2009 Гоодаль 18
Би, би гэж цаг алдсаар, бусдыгаа мартаж боломгүй цадиг
Дэмчигсүрэнгийн Бүрэнбат 1970 онд төрсөн
1988 онд Зөвлөлтийн гуравдугаар дунд сургууль төгссөн.
1997-2000 онд ГХДСургуулийн Япон хэлний ангид суралцаж байсан.
Уран бүтээл:
“История Афганистана на сроне мировой истории” 2002 он
“Нүүдэлчин ертөнц” газрын зураг 2006 он.
“Мамлюки. Войны-рабы” 2007 он
“Воинствующие сектанты 2009 оны
“Нүүдэлчин ертөнц” ном 2009 он
“Эх оронч үзэл бол ялзралаас гарах хамгийн зөв зам” гэдгээс илүүтэй “Адгийн шаарнууд эх оронч үзлийг сүүлчийн зэвсэг болгодог” гэх үгийг санаж явах хэрэгтэйг энэ хүн надад ойлгуулсан. Хаа л бол хаа дураараа донгодож явдаг “эх оронч” шувуухайнуудын хажууд тэс өөр байсан юм. Улс өөрийнхөө түүхийг сайн мэддэг байх хэрэгтэй. Хэн ч түүхээрээ бахархах, сайн талаа дөвийлгөхдөө жаахан даруулгатай, учиртай байх ч ёстой. Ер нь хүн төрөлхтний түүх гэдэг бол тэр чигээрээ дайн тулаан, өрсөлдөөн сөргөлдөөний түүх байдаг. Тийм ч болоод ялсан гүрэн түүхийг бичдэг ч гэдэг. Харин бид Чингис, Чингис гэж дээлнийхээ энгэрийг самардсаар, бахирсаар л байдаг тэр сагсуурлынхаа чимээнд бүр дөжирч орхиж. Дөнгөн данган мэдэх, дөвийлгэж хэтийдүүлсэн цуурхлаар бялуурсан эх оронч бахархлын ард хичнээн эх орончдын нэр мартагдаж байна вэ? 9/11-ний террорист халдлагаас хойш барууны судлаачид арабын ертөнц рүү маш хүчтэй анхаарлаа хандуулж, судалгаа шинжилгээнд зарцуулах хөрөнгөний хэмжээг ч ихэсгэсэн. Энэ нь тэд арабын ертөнцтэй бүхий л талаар харилцах харилцаагаа дахин шинээр судалж тандаж байна гэсэн үг. Исламын ертөнц хэзээнээсээ бутарсан, сөргөлдсөн, үргэлжийн үймэлдэж байдаг шашны болоод улс төрийн мөнхийн шөргөлцөөнд оршиж иржээ. Даяршин буй нийгэмд америкт нэг хөрөнгийн бирж донсолоход доргисон чичирээ нь Монголд таныг ч тоншоод авч байгаа. Ирээдүйд манай олон улсын харилцаанд нэгэн чухал хөшүүрэг болох лалын ертөнцийн талаарх ойлголт, тэнд буй давалгааг бид эртнээс анирдах нь нэгэн зүй тогтлыг бүтээн босгоход хэрэг болох ч билүү?
“Чингис хаан, монголчуудын байлдан дагуулал бол гавъяаны хувьд том гавьяа, том үзүүлэлт. Хэн нь ч тэгж чадаагүй, тэрүүхэн тэндээ л тийчигнэж байгаад дууссан. Энэ том гүрнийг байгуулсан, дараа нь түүнийг удирдах аппарат байснаар нь бид бахархах хэрэгтэй. Тэрнээс биш Монголын эзэнт гүрний газрын зургийг би эмгэнэл гэж боддог. Бод л доо, монголчууд чинь хэдүүлхнээ. Чингис хаан Цагаадай, Зүчи, Тулуйд эзэлсэн орноо хуваагаад өгөхөд цөөхүүлхнээ тийм олон сая хүнтэй газруудад очоод уусч алга болно биз дээ. Монголоос тасраад явчихсан аймаг омгууд олон. Хонгирад, Барлас, Арулаад, Каучин, Дуглаад, Мангад гээд бүгд л харих замгүй явсан гэсэн үг. Өнөөдөр Хазарачуудын хувь тавилан ямар эмгэнэлтэй байна вэ? Шашин шүтлэг нь шиит, Чингисийн удам, монгол угсаагаараа үргэлж хавчигдаж, мөнхийн тарчилсан сэтгэлтэй амьдрал. Эзэнт гүрэн гэж цээжээ балбахын цаана учир бий юм шүү. Иракыг ноёрхож байсан Ойрод, Жалайруудын хувь заяа гэхэд цуст XIV зуунд их харуусмаар дууссан шүү дээ. Дэлхийг тэр чигээр нь эзэгнэсэн нь яахав. Нэг үе нь дийлээд өнгөрлөө ч эрт орой хэзээ нэгэнт цагт нутаг орны улс нь л дийлж, ач гуч нар нь тэр газрын боол болно оо доо? ... гэж ярих хүний дотроос их л зөөлөн мэдрэгдэнэ. Амьдралыг, түүхийг харж байгаа хатуу зөөлнөөс хуваалцсанаа таны өмнө дэлгэхийнхээ өмнө миний бие өөртөө олон зүйлийг бат нот ойлгосон билээ.
Ж.Ч: Та хэзээнээс бидний үл таних араб ертөнц, ислам судлалыг сонирхох болов оо?
Дэмчигсүрэнгийн Бүрэнбат: Бүр багын бүх зүйл нь адил байдаг коммунист шигшүүртэй соёлоос Аладдины үлгэр гэх мэт уншсан номуудаараа анх сонирхож эхэлсэн болов уу. Тэр шидэт үлгэрүүдийн өгүүлдэг исламын ертөнц нэг л гоё, цаанаа өвөрмөц, сонирхол татам байдаг байлаа. Сүүлдээ сонирхоод ирэхээр мусулманы түүх их сонирхолтой, гайхалтай ертөнц байсан. Тэдний түүх их булингартчихсан, маш их зөрчилдөөнтэй ертөнц гэдгийг ухаарсан. Мусулман гэхээр л Дундад Азийн бавайсан сахалтай, хүний хоолой хэрчсэн нөхдүүд байдаг гэж кинонд дүрсэлж, хаа ч гэлээ нэг тийм муу дүрээр ойлгодог. Оросууд Афганистан руу цэргээ оруулахдаа Можахедууд гэдэг аймшигтай муухай хүмүүс байдаг гээд л сурталчилдаг байв даа. Гэтэл зөвхөн нэг талаас нь л харуулаад байгаа тэр орнуудыг, хүмүүсийг судлаад ирэхлээр өөрийн мэдэлгүй олон он өнгөрч, тэр сонирхол судалгаа маань намайг өнөөдөрт хүргэжээ.
Ж.Ч: Ислам судлал Монгол оронд ямар ач холбогдолтой вэ?
Д.Б: Хамгийн их газрын тос олборлодог, асар их баялагтай улсууд бол арабын орнууд. Эдийн засгийн талаасаа гэхэд манай улс газрын тосоо өөрөө ашиглахад туршлага судлах зэргээр хамтарч ажиллаж болох байлгүй. Тэднийг зөвхөн террорист багтайгаар ойлгосоор байгаа нь Орос, Америкийн сурталчилгааны цэвэр үр дүн юм шүү дээ. Шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний ихэнхи нэр томъёо араб гаралтай байдаг. Арабууд эртний Грек, Энэтхэгээс хөрвүүлэн өөрийн болгон баяжуулж, гүнзгийрүүлсэн оюуны асар их өвтэй. Чингис гэж их цээжээ дэлдэх дуртай хүмүүст монголчууд лалын орнуудыг дийлж, хядаж явсан гэдэг утгаараа бидний дайсан байсан гэдэг өрөөсгөл ойлголт бий. XIII зууны хоёрдугаар хагасаас эхлээд Алтан Ордын хаад лалын шашинд орсон байдаг. Цагаадайн ургийн хаадууд, алтан ургийн олон хүмүүс мусалман шашинд орсны дараа Ил Хаад ч лалын шашинд оржээ. Харин хэр зэрэг гүнзгий орсон бэ гэдэг бол тусдаа, шал өөр асуудал. Энэ бол монголчуудын тухайн үед эзэмшиж байсан газар нутгийнхаа соёл иргэншилтэй холилдоод л явж буй түүхэн дүр зураг. Монголчууд мусалманчуудтай зөвхөн дайтаж байсан гэдгээс гадна монголын эзэнт гүрэнд тэдний үүрэг бас их байжээ. Төрийн сайдыг ч хашиж, татварын алба, эдийн засгийн ухаан, наймаа худалдааны салбарыг тэр чигээр нь мусулман хүмүүс хариуцан ажилладаг байсныг бид мэдэх ёстой. Хубилай хааны үед Жафар Хожа, Абдрахман болон Фатима гэгч перс эмэгтэйгээс эхлээд улс төрд нөлөө бүхий олон хүн байв. Монголчууд эзэнт гүрний үеэс лалынхантай дайсагнадаг, хонзонтой байсан гэдэг бол өрөөсгөл ойлголт. Улс төрийн харилцаа учраас сайн, муу гэж байхгүй. Улс төр гэдэг өөрөө янз бүрийн сонирхолын зангилаа учраас энэ бүхнийг ганцхан үгээр тайлбарлахын аргагүй.
Ж.Ч: Исламын Халифатын нийслэл Багдадыг Ил Хаад сөнөөхөд Алтан ордын Бэрх хаан их хилэгнэж байсан гэдэг. Ер нь Монголчууд болон лалынхны хооронд өрнөсөн сонирхолтой түүхэн үйл явдалуудын талаар ярьж өгөөч
Д.Б: Багдадын Халиф сүйрсэндээ гол нь биш ээ. 1258 онд Багдадыг Хүлэгү хааны цэргүүд эзлээд үнсэн товрог болгосон. Энэ үед монгол хаадууд, Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Тулуйн удмынхны хоорондын зөрчил гүнзгийрчихсэн байж. Эзэн хаан Мөнх амьд байсан учраас арай ч хоорондоо дайтаж чадахгүй байсан. Бэрх хаан Багдадыг шатаахад үнэхээр мусалман шашинтаны үүднээс хилэгнэсэн байж болох ч энэ бүхэн улс төрийн шалтгаантай.1260 онд Мамлюкийн /Египет/ Бейбарс султан Алтан Ордын Бэрх хаантай элч илгээж, холбоо тогтоочихсон, аль аль нь Ил хаадын Хүлэгү хаантай улс төр, эрх ашгийн зөрчилтэй, дайтахад бэлэн болчихсон байсан үе. 1260 оны наймдугаар сарын 23-нд Айн Жалудын тулалдаанд монголын цэрэг мамлюкын талд ялагдсан. Улмаар 1261 онд анх монголчуудын хооронд иргэний дайн дэгдсэн. Хүлэгү хааны цэргүүд Афганаар дамжуулж өнөөгийн Азербайжаны нутагт цөмрөн орж монголчууд хоорондоо дайтаж эхэлсэн нь Кура Кумагийн тулалдаан. Энэ сацуу Төв Азид Ариг бөх, Хубилай хоёр хоорондоо байлдаж байв. Ерөнхийдөө монголчууд олон бүлэгт задраад, Хүлэгү хаан Хубилай хааныг, Ариг бөх Бэрх хааныг дэмжсэнээр эзэнт гүрэн бутрах үндэс нь тавигдсан ба Багдадын эмгэнэл зөвхөн шалтгаан байжээ.
Ж.Ч: Айн Жалудын тулалдааны өмнөхөн Ил хаадын холбоотон францууд урвасан байдаг. Энэ урвалт, монголчуудын анхны ялагдлаас болж бидний тухай хар домог европт тараасан тухай Гумилевын гаргалгаанд та монгол судлаачийн хувьд ямар бодолтой байдаг вэ?
Д.Б: Үүнийг тийм ч амархан тайлбарлаж болохгүй. Энэ үед Европт мөн адил хагарал үүсчихсэн байсан. Жишээ нь, Мамлюкийн цэргийг өөрийнхөө газар нутаг дээр байлгаж, хоол хүнсээр хангасан нь загалмайтнууд буюу Тамплиерийн ордныхон. Энэ сацуу Тевтоны ордныхон буюу германууд манай талд орсон байгаа юм. XI Людовик Дамиеттагийн тулалдаанаас хойш Мамлюкуудын олзонд бараг гурван жил болоод, сүүлдээ Францын хаант улс тэр чигээрээ татвар авч байж олзноос чөлөөлсөн. Тэр хаан Палестинд эргэж ирээд, монголчуудтай хамтарч Египеттэй дайтъя гэсэн санаагаар явуулсан Лонжюмо гэгч элч нь Илжигдэй ноён гэж их хааны төлөөлөгч, түүний дэргэдэх Бачи ноён хоёртой таарч хийсэн хэлэлцээр нь амжилтгүй болж, ам зөрж буцсан байдаг юм. Европ дотроо Ромын папынхан, Германы Ариун Гэгээний Эзэнт Гүрнийхний хоорондын тэмцэл нь ойрх дорнодод сонин илэрсэн нь энэ юм.
Ж.Ч: Арав гаруйхан жилийн өмнө Легницийн тулалдаанд Монголчуудад хиар цохиулж байсан Тевтоныхон монголчуудын талд орсон гэхээр сонирхолтой байна л даа
Б: Цэвэр улс төр
Ж.Ч: Түүх ам дамжиж яригдсаар сүүлдээ түүх ч биш, юу нь мэдэгдэхгүй зүйл болдог тухай та хэлж байна. Зарим түүхэн үйл явдлууд аман зохиол, үлгэр домог мэт болчихсон байдаг. Тухайлбал энэтхэгүүд, маш олон мянган монгол цэргийг заанаар бяцлуулж алуулсан тухай яриа байдаг.
Д.Б: Хэр баргийн ялагддаггүй монголчуудыг Туглак-Ад-Дин гэж алдартай, боол байсан түрэг хүн ялж таван мянга гаруй хүнийг олзолсон байгаа юм. Энэ нь мамлюкуудын хувьд маш том үйл явдал учираас, нэг ёсондоо шоу зохиож, хуучин Делид олон хүмүүсийн дунд заануудад гишгүүлж, толгойлогчдых нь арьсыг хуулж, цагаан цуу асгаж алсан гэдэг. Харин олныг тэгж алаагүй байх. Учир нь Афганистанаас Энэтхэг рүү ордог, Делиг эзлэх ганц зам Хайберийн хавцал гэгч газар олзлогдсон монголчуудыг шашиндаа оруулаад, тангараг авч, Монголчуудынх нь эсрэг тавьдаг хот Могулпурт суулгасан болов уу? Энэ хот нэг ёсны харуулын монгол хот . Энэтхэгийн Делийн султант улс гэдэг нь яг энэтхэгүүд өөрөө биш түрэг, афган боол хүмүүсийн дундаас үүссэн хаадын урагтай улс. Багаасаа хаад ноёдын зарц, боол, бие хамгаалагч хийдэг хүмүүсийг мамлюк гэдэг. Энэ хүмүүс бөөгнөрвөл их аюул болон хувирч, бослого гаргаж хаадаа хүртэл алаад төрийн эрхийг булаадаг. Исламийн түүхэнд энэ явдал маш их давтагддаг. Одоо ч тийм боол удамтай ургууд Иран, Иракт их бий. 1230-1330 он хүртэл бараг зуун жил монголчууд мамлюкуудын хооронд дайн өрнөсөн. Хорезм шахын улс унахад монголчуудаас дүрвэгсэд Энэтхэгт очиж улс байгуулсан гэж хэлж болно. Нийт гурав дөрвөн мамлюк гаралтай ураг байдгаас Доголон Төмөр хаан нэгийг нь, түүний гуч Бабур султан сүүлчийг нь сөнөөж төрийн эрхийг гартаа авч байсан түүхтэй. Ер нь монголчууд зөвхөн дээрэм, аллага хядлага хийгээд өнгөрсөн улс биш. Түүхэнд үлдээсэн үйлийн үр дагавар нь маш олон зүйлээр илрэн гардаг.
Ж.Ч:” Хавирган сарыг хөсөр сөхрүүлж байсан
Хаан загалмай минь хаачив” гэдэг эртний европын гунигт шүлэг байдаг. Ер нь ислам, загалмайтны, буддын шашны гол гол онцлог юу байна вэ? Нөгөө талаар эдгээр шашнуудын сөрөг нөлөөлөл, мунхрал нь юу юм бэ?
Д.Б: Дэлхийгээр тархсан гурван том шашин бий. Тэд бүгд анхны хүн Авраамаас үүсэлтэй гэдэг сургааль айлддаг. Иудеизм, загалмайтны шашин, исламын суурь сургаальд анхны популяци, домго буюу шашны баталгаа шаарддаггүй зүйл нь семит. Семит нь еврейчүүдйин өвөг дээдэс ба ойрхи дорнодын улс үндэстнүүд бүгд хамаатнууд гэж хэлж болно. Гурван шашны хувьд сургаалиуд нь нэг л номлолтой. Сөрөг талын хувьд исламын шашинд жихад гээд ариун дайнаар буруу номтнуудыг залхаан цээрлүүлнэ гэдэг. Загалмайтны шашныхны протестант, католикуудын хоорондох алалдаан саяхныг хүртэл Ирланд, Английн хурцадмал байдал хүртэл үргэлжилсэн. Эх нь 1200 оноос үүдэлтэй шашны хагарал. Шашны зөрчилдөөн нь явсаар улс төрчдийн зэвсэг болж байгаа юм. Буддын шашинд ч шамбалын дайны тухай бүхэл бүтэн онол таамаг бий* Зорилгодоо хүрэхийн тулд өө гарган улс төрийн бодлогоо явуулах, баталгаажуулахад шашин нэг ёсондоо зэвсэг болж байгаа юм.
Ж.Ч: Монгол улс сүүлийн жилүүдэд их олон сүсэг бишрэлд хуваагдаж байгаа. Ирээдүйд шашин хоорондын зөрчилдөөн гарах болов уу?
Д.Б: Таахын аргагүй. Манай засаг төр ямар бодлого явуулах нь вэ? Хичнээн ардчилал байсан ч гэлээ ямар алхам гаргахаас шалтгаална. Төрийн бодлогыг ямар нэгэн хэлбэрээр ард түмэн дагана. Дэлхий даяар хорьчихсон шашныг гэхэд манайд сурталчлаад л гүйлдээд байдаг. Тэр нь шашин гэхэд хэцүү. Хүмүүсийг мунхруулдаг, хуурч эд хөрөнгийг нь авдаг бүлэглэл ч байна. Нийтээр амиа хорлохыг уриалдаг ч юм уу, эсвэл гайтай исламын экстремист террорист бүлэглэлүүд ороод ирэхийг хэн байг гэх юм. Болгоомжтой байж, нэг юм хийхээсээ өмнө сайн хэлэлцэж, шууд шийдвэр гаргахаас татгалзаж байх хэрэгтэйг бусад улс төрийн туршлага харуулах болов уу.
Ж.Ч: Та өөрийнхөө өвөг дээдсийн талаар ярьж өгөхгүй юу?
Д.Б: Аавын маань талынхан эрдэм номын хүмүүс байсан гэдэг. Шагжийн толь бичиг гэж байдаг. Тэр толийг бичсэн хүн бол миний өвөө. Монголын анхны ерөнхий сайд Амар аавын талын ойрын хамаатан гэдэг. Надад эдний талаар аравдугаар анги төгсч байхад л хэлсэн. Хоёулаа хэлмэгдэж, алуулсан болохоор манай хөгшчүүл нэг их ярьдаггүй байсан байх. Шагж өвөө толь бичиг гаргасан бол Амар нь “Монголын хураангүй түүх” гэж ном бичсэн нь бий. Бусдаасаа арай өөр сэхээтэн, үзэл бодлоо хамгаалдаг, түүндээ их л үнэнч байсан гэж би боддог.
Ж.Ч: Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй ч хэрвээ өвөг дээдэс тань амьд сэрүүн байгаад, зорьсон бүтээе гэсэндээ хүрсэнсэн бол гэх бодол танд төрж байв уу?
Д.Б: Хэрвээ тэгсэн бол, ингэсэн бол гэдэг зүйлээс би их эрт салсан. Түүх үзээд ирэхээр тийм бодлоос салдаг. Ямар байх байсныг би хэлж мэдэхгүй юм. Одоо Монголоо магтана гэдэг миний хувьд цаг алдсан хэрэг. Чингис гэж зөндөө магтаж, орилсон их шуугиан дунд чинь жинхэнэ сайн эх орончдын нэрс мартагдаад байх шиг. Монголын түүхийн эх сурвалжийн 80, 90 хувь нь гадаад хэл дээр байдаг. Үүнийг мэдэхийн тулд мэргэжилтнээ олон талаар бэлдвэл урагш алхахад дөхөм юм болов уу. Би бол түүхч биш шүү дээ. Нийтлэлч гэвэл арай дөхмөөр юм уу. Армян улсын түүхэнд л гэхэд монголчуудтай холбоотой дөрөв таван бүлэг түүх байдаг. Яг Армянд нь судлах ядаж ганц хүн байх хэрэгтэй. Хятад, Араб, Иран гээд олон улс орон руу өөрсдөө очиж судлаж байж түүхээ мэдэрвэл дээр болов уу. Манайхан дандаа гадаадын компиляци суурин дээр түүхээ босгоод байгаа шүү дээ. Дэлхийн маш олон дорно дахин судлаачид манай түүхийг судалсан хөдөлмөр байгаа байх. Гэвч далан жил юу боллоо доо. Жаахан хөрөнгө хаяад, одоо бид өөрсдөө хөлс хүчээ гаргаж байж судалсан түүх маань энэ шүү гэх юмтай болох хэрэгтэй. Каир, Станбул, Ленинград, Москва, Дели, Тегеран, Ромын гээд дэлхийн алдартай номын сангуудад манай монголын түүхийн тухай ямар нэгэн шүүлтүүрээр гаргаагүй эх сурвалжууд олон бий. Энэ бүхнийг хамж шимж байж л бид түүхээ судалсан гэж хэлж болох байх.
Ж.Ч: Мэдэж байх ёстой хүмүүсийнхээ мартсан нэрийг сануулж нэрлэхгүй юу?
Д.Б: Юань гүрний үеийн Хөх Төмөр гэж жанжин бий. Тэрний аав нь Цагаан Төмөр гэж мундаг жанжин бий. Минь улсыг үүсгэсэн хөдөлгөөн бослогыг бараг дарчихаад хорлогдож үхсэн байдаг. Түүний үйлсийг Хөх Төмөр хүү нь үргэлжлүүлж, үхэн үхтлээ Тулуйн удам алтан ургийнхан, монголоо хамгаалж байлдаж байгаад 1373 онд тулалдааны талбарт өвчинөөр үхсэн гэдэг. Түүнийг би хувьдаа ямар ч Цогт тайж, өөр хэн нэгнээс илүү гавьяатай хүн гэж боддог.
Ж.Ч: Түүх судалж буй хүний ёс зүй ямар байх ёстой вэ?
Д.Б: Түүхчид бол эрдэтмэд дундаа хамгийн их хэлмэгддэг хүмүүс. Хэрэгт орно, амьд гарахын тулд хаад ноёдынхоо даалгавраар л бичнэ. Тийм болохоор тэд дотроо хар тэмдэглэлтэй байх ёстой байх. Байгаа юмыг байгаагаар нь бичих хэрэгтэй. Бусад шашин шүтлэг, ястан үндэстнийг доош хийсэн, басамжилсан зүйл хийх нь түүхч хүний хийдэг ажил биш. Сэтгэлийн аливаа хөдөлгөөнгүйгээр түүхт хандах нь чухал.
Ж.Ч: Та хэрвээ эх орноо хайрладаггүй хүн байсансан бол өнөөдрийн амьдрахуй тань өөр байхсан болов уу?
Д
.Б: Түүхийг бичиж байгаа хүн түр зуур эх орноо мартах хэрэгтэй. Эх орноо магтах нь чухал биш. Хийж байгаа судалгаа нь уулаасаа эх орныхоо төлөө л юм чинь. Хийж, бичиж байгаа үйлдэл нь эх орныхоо төлөө байхад л болно. Эх орондоо хайргүй гэх бодлыг төсөөлж ч мэдэхгүй байна.
Ж.Ч: Та өөрийн сонирхон судалдаг орнуудаар хэр аялсан бэ?
Д.Б: Нэг их яваагүй дээ. Азербайжанд очиж байсан. Афган, Энэтхэг, Пакистан, Ирак, Турк, Узбекстанаар зүгээр тэнэж үзэхсэн гэж боддог. Даанч болохгүй юм байна шүү дээ. Тэнд үймээн самуун ихтэй, амьд явахад хэцүү газар. Одоо ч тэдгээр улсууд маань Чингис хаан, монголчуудын довтолгоон мартагдаагүй нь олон юмнаас мэдрэгддэг.
Ж.Ч: Бид тэднийг хэдий чинээ үзэн ядна, тэд биднээс төдий чинээ айна гэдэг грек үг Монгол-Хятадын түүхэн харилцааг санагдуулаад байдаг юм.
Д.Б: Монгол Хятадын харилцаа гэдэг бол тусдаа асуудал. Өчигдөр биш, уржигдар биш. Хичнээн мянган жилийн өмнөөс нүүдэлчин, суурьшмал соёл иргэншил өөрсдийн хэмжүүр, зарчимаар зааглагдаж ирсэн. Би жишээ нь хятадад дургүй байж болно. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй олон зүйл байна. Хятадын соёл иргэншил агуу. Цаас, дарь, газрын тос, торго гээд л хүн төрөлхтний эд, оюуны санд өгсөн олон зүйл байна. Бусад соёл иргэншил, ард түмэн, үндэстэн ястныг биендээ шингээгээд, уусгаж устгадаг энэ аюултай мангасын дэргэд нүүдэлчин монголчууд өдийг хүртэл хэв маягаа хадгалаад байж байгаа нь гайхалтай байхгүй юу. Үүнийг европын том том эрдэмтэд хэлдэг. Миний багш унгарын эрдэмтэн, Эрдэли Иштван “Хятадын цагаан хэрэм бол эрх баригчид нь ард түмнээ хориход зориулсан зүйл “ гэж хэлсэн юм. Орос, Хятад хоёр ард түмнээ хорьж байдаг “шорон” улс шүү дээ. Цагаан хэрмийг үүний л билгэдэл гэж ойлгодог.
Ж.Ч: Газрын зураг бүтээнэ гэдэг маш хариуцлагатай ажил байх аа?
Д.Б: Манай хамт олон хийхдээ маш олон том том хүлээн зөвшөөрөгдсөн газрын зурагтай, жишээ нь Британикагаас эхлээд олон улсын институти, академийн газрын зургуудтай харьцуулж үзнэ. Хилийн наад, цаадхыг хөдөлгөөнөөс эхлээд тухайн үед байсан хотын нэрийг нь гаргахаас эхлэнэ. Одоо байхгүй ч тухайн үеийн нэрээр нь хот балгадыг гаргахыг оролддог. Мерв хот гэхэд л маш том соёлын төв болсон газар байжээ.
Ж.Ч: Монгол улс хэзээ ч мөхөж сөнөхгүй гэж мундаг хүмүүс ам бардам хэлж байхыг олонтай сонссон. Гэтэл гудамжинд “Монгол сөнөнө” гэх сэтгэхүй давамгайлах хандлагатай байна уу?
Д.Б: Монгол орон өнөөдөр Орос-Хятадын дундах аюул үгүй орон болчихсон ч гэлээ яадгаа алдаад мөхөл сүйрлийн ирмэг дээр ирчихсэн биш байх. 1989 оныг өнөөдөртэй харьцуулахад бид хөгжлийнхөө үр шимийг амсаад л явж байна аа даа? Би өөдрөг үзэлтэй хүн. Хөгждөг зүйл хөгжлөөрөө л явж байна. Ямар ч улс оронд ийм ээдрээтэй цаг үе байдаг. Энэ тийм ч сүйдтэй ээдрээ биш болов уу.
Нүүдэлчин ертөнц номны тухайд
Монголын түүхийг маш олон хүмүүс өөрийнхөөрөө хураангуйлж бичсэн л дээ. Өөрсдийн хийсэн газрын зургийг их ашигласнаараа бусад номноос арай онцлог юм болов уу? Монголын түүхэнд мартагдаад үлдсэн мундаг хүмүүсийн тухай энд дурсагдах болно.
Мамлюки. Войны-рабы номны тухайд
Мамлюк улсуудаас хамгийн алдартай нь Египетийн Мамлюк улс, Энэтхэгийн Делийн султант улс хоёр юм. Мамлюк гэдэг үгийг араб хэлнээс хөрвүүлвэл нэг юмны өмч, хамаарал гэж буудаг. Тэд бүгд боолууд байх ба тухайн улс орны гишүүн биш гаднаас хүчээр авчирч гавласан нэгэн нийгмийн үзэгдлүүд юм. Тийм ч учираас мамлюк, гуламчууд тухайн улс орондоо маш их гай авчирдаг. Алтан ургийн хаад, язгууртнууд өөрсдийгөө үеээс үед нийгмийн дээд хэсэг, тэнгэрээс гаралтай гэж өөрсдийгөө үздэг бол эдгээр хүмүүс нь цэвэр адаг шаар, боолчууд. IX-X зуунд ойрхи дорнодод ерөнхийдөө мамлюкууд ноёрхож, төрийг атгаж байжээ.
1295-1297 онд Египетийн хаан байсан Китбуга бол монгол хүн юм. 1260-1296 оны үед Ил Хааны газар нутагт ямар нэгэн хэмжээгээр улс төрийн үймээн болоход Монголчууд Египед рүү зугтсаар арван мянга гаруй болсон гэдэг.
Египетид ноёрхож байсан мамлюк, түрэгийн Бахритчууд адилхан нүүдэлчид гэдэг утгаараа монголчуудыг хүлээж авах их дуртай байж.
Монголчууд Иракаас хоёроос гурав хоногт л сирийн алдартай цөлийг туулж Дамаскийг дайлдаг байв. Гэтэл мамлюкууд энэ алдарт цөлийг туулах гэсээр огтхон ч гэнэтийн довтолгоон хийж чаддаггүй байснаас монголчуудыг нарийн судалж, “дайснаасаа суралцан” монголчуудын соёл, ёс заншил, хувцас хунар, хүнсийг их авчээ.
Египетийн хувьд сибирь болох цөллөгний Иеменд өдгөө ч Аль-Татари гэдэг гудамж байдаг ба монгол мамлюкууд тэнд очиж суурьшсан нь өнөөдрийг хүртэл үлджээ.
Энэ бүхнийг өгүүлэх номоо эх хэл дээрээ бичиж чадалгүй, оросоор буулгасан нь миний шившиг гэж хэлж болно л доо. Монголчууд хэдий харьцангүй сайн орос хэлний мэдлэгтэй ч хэзээ нэгэн өдөр хөрөнгө санхүүгийн боломж бүрдвэл монгол хэл дээрээ дахин гаргаж өөрийн цуглуулсан өчүүхэн мэдлэгээ бусадтайгаа хуваалцахыг үргэлж хүсдэг билээ.
“Түүхийн мартагдсан хуудсууд” телевизийн нэвтрүүлэг
1. Исламын ариун дайн Можахедуудын түүх
2. Доголон Төмрийн тухай
Урианхайчууд дунд байдаг 70 баатрын домгоос...
Юань гүрэн унахад Тогоонтөмөр хаан Хаан Балгас /Бээжин/ хотоос төрийн тамга, судар номоо аваад зугтжээ. Минь улсын үй түмэн цэрэг орж ирээд эзэн хааныг олзолчих гээд байж л дээ. Хойд зүг дэх “Хойд Хаалга” гэдэг бэхлэлтийг хамгаалж үлдсэн хааны бие хамгаалагч, 70 шилдэг баатар эзэн хаанаа хаацайлж байлдсаар бүгд үрэгдсэн түүхэн домог бий.
Буяншир хааны домог
Мин гүрэн байгуулагдсан цагаасаа Монголчуудыг устгах бодолтойгоор олон удаа дайрч, их л ширүүн дайнууд болдог байжээ. Юньлэй хааны үед нэгэн удаа мин улсын цэрэг Буяншир хааны өргөөг бүслээд хаантнаас хятадууд ам асуужээ. Та хатад эмсээ авч явах уу? алт мөнгөө авах уу, төрийн тамгаа авах уу гэсэнд хаантан төрийн тамгаа авч зугатаасан гэдэг...
2009 Гоодаль 18
Хүн шувуу
Хүрлээ Түмэнбаяр
Соёлын Сургууль Киноны анги 1994-1997 он
КТМС Програм хангамжийн анги 1999-2002 он
Камер, фото аппаратны инженер
2000 оноос Сугар багшийг дагалдаж нисч сурсан. Fly Mongolia клубын нисгэгч
... Уулан дээрээс нар мандахыг үзэх ямар сайхан байдаг билээ. Нисч яваа хүн үүлэн дээрээс наран шингэхийг дэргэдүүр нь ганганаад өнгөрөх шувуутай хамт үзэж байх хичнээн сайхан бэ? Өвлийн цагаар хөвсгөлд нисч байх байгалийн тансаг, өвөрмөц тогтоцыг дээрээс үзэх бас л их гоё шүү дээ. Цагаан сараар айлын гадаа уулан дээрээс нисч байгаад мал үргээж, нохой боргоод бөөн юм болж байсан юм. Нутгийн улс яахав дээ, аажуу тайвуу өнгөрч байгаа ч гэсэн буугаад ирэхэд нутгийн хүү нисч явна гэж бараг мэдэхгүй, гадаадын хүн л явна гэж боддог юм билээ. Бид шувууны нислэгийг их харна, шувууны нисч байгаа замыг харж, өндөр авч байгаа газарт нь агаарын урсгал байгааг мэдэж авдаг. Одоо харин нэг бүргэдтэй болж, бүргэдээ сургаад хамт нисч, тэнгэрийн зан, агаарыг илүү мэдрэхийг хүсдэг болсон...
Ж.Ч: Агаарын спортын талаар танилцуулж ярихгүй юу та
Хүрлээгийн Түмэнбаяр: Эр зоргигийн спорт юм даа. Яг өөрөө нисэхээр маш сайхан мэдрэмж авдаг. Ер нь хүмүүс ламаар засал хийлгээд сайхан болчихлоо гэдэг шиг ниссэний дараа сэтгэл санаа бүх юм маш гоё болчихдог. Болж өгвөл нисч л байхыг хүсдэг дээ. Агаарын спортын шүхрийн, париглайдер, парамотор, делтаплан зэрэг төрлүүд байдгаас парамотор, париглайдер зэрэг нь монголд бий. Шүхрийн хувьд гэвэл харьцангүй зардал өндөртэй, нэг онгоц хөлсөлж аваад шүхрээр бууна гэвэл их мөнгө шаарддаг. МИ8 нисдэг тэрэг гэхэд цагт 800 л түлш хэрэглэдэг байх жишээтэй. Дээр нь нисэгчийн цалин төлөөд 1600 доллар орчимд бодоход ийм үнээр шүхрээр буух хүн байхгүй шүү дээ. Тийм учираас хамгийн энгийн, зардал багатай, гоё спорт бол энэ париглайдер байгаа юм.
Ж.Ч: Монголын агаарын нислэгийн Fly Mongolia ямар үйл ажиллагаатай холбоо вэ?
Х.Т: Манай холбооны тэргүүнээр миний багш Александр гэж хүн бий. Зуны цагт парамотороор тариалангийн талбай дээр элдэв шавьжнаас хамгаалах хор цацах үйлчилгээ явуулдаг. Мөн Нислэг гээд амралтын бааз маань хоёр хүний зорчигч авч париглайдераар нислэг хийдэг ба арваад нисэгчтэй клуб байгаа. Нисгэгчид маань өөрдсөө янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байдаг учираас яг үүндээ хорхойсоод байнга нисдэг хүмүүс гэвэл тав, зургаан хүн бий.
Ж.Ч: Нисэх хүсэлд автагдаж, тэнгэрт шувуу мэт дүүлэхийг хүсч байгаа хүн анх сурахад юу анхаарч, өөрөөс нь юу шаардагдах вэ?
Х.Т: Эрүүл, зоригтой байхад л нисч сурч болно оо. Газар дээр газрын бэлтгэл хийдэг юм. Далавч босгоод далавчаа мэдрэх сургуулилтыг долоо хоног хийнэ. Хамгийн бага толгойгоос гүйж, газраас тав, зургаан метр хөндийрэх сургуулилт дахин долоо хоног үргэлжлэнэ. Ер нь хүн хүнээсээ шалтгаалах боловч хоёр сарын дараа гэхэд уулнаас хөөрч чаддаг болно. Манай клубт бол сургалтын төлбөр төлөөд клубын париглайдераар нисч болно. Хэрвээ худалдаж авъя гэх юм бол хамгийн бага үнэтэй нь 800 доллар орчим, тэгээд тэрнээс дээш байдаг. Парамотор гэхэд 10 мянган еврогын үнэтэй байх жишээтэй. Сая Францаас нэг нисгэгч ирэхэд бид зөвхөн моторыг нь 5 мянган доллараар нөхөрлөлийн журмаар худалдаж авсан. Агаарын спорт өөрөө их өндөр өртөг шаарддаг спорт л доо. Гадаад оронд бол хичээллэж байгаа хүмүүс нь, бэлтгэж байгаа орчин нь ямар билээ боломж нь манайхтай харьцуулашгүй өндөр шүү дээ.
Ж.Ч: Таны хувьд хичнээн метрийн өндөрт гарч байсан бэ?
Х.Т: Нислэг өндөр авах тусмаа аюул багатай, улам гоё болдог. Хүмүүс өндөр байх тусам аюултай, нам дор бол гайгүй гэж боддог ч газраас тасарсан л бол яг адил. Манайд улсын агаарын урсгал их хэцүү ч миний хувьд 3000 метрийн өндөрт гарч байсан. Яг сайхан агаарын урсгалд орчихвол 4500-5000 метрийн ч өндөрт гарах боломжтой.
Ж.Ч: Олон улсын париглайдерийн тэмцээнд оролцоход санхүүгийн өндөр зардал шаарддаг гэдэг ч спорт л юм чинь гадаад оронд өрсөлдөхийг бодно биз дээ?
Х.Т: Тэмцээний шүхэр гэж тусдаа их үнэтэй шүхэр байдаг л даа. Тэр нь манай багшид нэг ширхэг бий. Хамгийн сайн чанарын, хамгийн хурдан, мэргэжлийн хүмүүсийн шүхэр байгаа юм. Тийм шүхрээр оролгүй, бид 700-800 долларын сонирхогчийн париглайдерээр орвол амжилт гаргахгүй л дээ. Тэрнээс биш бидэнд боломж зөндий бий. Бэлтгэл хийж байгаа цаг агаарын байдлаасаа шалтгаалж бидний чадвар бас өөр байх. Далайн түвшнээс 1750 метрийн өндөрт, агаар нь сийрэг, хуурайшилт ихтэй, салхитай, уул хад асгатай, халуун хүйтний харшилдсан нөхцөлд бэлтгэж байгаа бидэнд бол боломж илүү их бий. Байгалийн хүнд нөхцөлд анхнаасаа сурчихсан болохоор гадны ямар ч оронд очоод тэмцээнд ороход сайн амжилт үзүүлэх байх, энэ ч бидний давуу тал юм. Гадаадын нисгэгчид манайд ирээд нисэхдээ жаахан айж байх шиг санагддаг. Монголд нисэх аймар юм байна гэж хэлж байхтай таарч байсан. Заалны үзэгчгүй учираас агаарын спорт олимпоп оролцох боломжгүй байдаг юм.
Ж.Ч: Цаг агаарын ямар нөхцлийг нисэхэд тааламжтай нөхцөл гэж үзэх вэ?
Х.Т: Салхи багатай, 4-6 м/с хурдтай байхад ер нь дажгүй. Огт салхигүй бол бид “шааригдана” гэж ярьдаг. Зүгээр уулнаас уруудаад буугаад ирэх нь кайфгүй л дээ.
Ж.Ч: Бусад орны нисгэгчид хэр их зочилдог вэ?
Х.Т: Зун их ирдэг шүү. Японоос гэхэд арваад нисгэгч, Солонгос, Америк, Францаас ирж байснаас өөрсөдтэйгээ ур чадварыг ялгааг харьцуулж харахад янз янз байдаг. Зарим чадвартай хүмүүс ч байхад эндээ бид нисээд сурчихсан байдаг болоод ч тэр үү, гадаад нисгэгчтэй хамт нисэхэд тэд жаахан айдастай, түгшүүртэй харагддаг. Бид л хамаа намаагүй гараад явчихаж байхад гадаадын нисэгчид бүгд аваарын шүхэртэй. Бидэнд бол тийм зүйл байхгүй л дээ.
Ж.Ч: Ямар нэгэн байдлаар аваарь осол боллоо гэхэд тамирчинд учрах бэртэл гэмтэл хэр хүнд тусдаг вэ? Амь насанд халгаатай байх нь бий юу?
Х.Т: Манайд нисээд алдаж, унасан хүмүүс байдаг ч гэсэн тийм айхтар амь аваад явчихаар зүйл барагтай тохиолдоггүй ээ. Зуун хувь өөрөөсөө шалтгаалж, ямар аюултай орчинд оров? Түүнээс өөрөө яаж гарч, ямар арга хэмжээ авсан бэ гэдгээсээ болно. Буруу арга хэмжээ авбал улам л цаашаа явна, хамгийн гол нь цагаа мэдэрч өөрийгөө удирдах хэрэгтэй.
Ж.Ч: Та хаана, хаана нисч байв аа, эрх чөлөөтэй дүүлэн нисч явахад тань агаар дээрээс байгалийн сайхан үзэсгэлэнтэй харагдана биз?
Х.Т: Улаанбаатар, Хөвсгөл, Сэлэнгэд нисч байсан. Ер нь удаан нисэх гоё байдаг. Хэдий чинээ удаан ниснэ тэр чиэнээгээр гоё байж, үүлэн дээр гарна. Дэргэдүүр шувуу зөрж таарна. Дээрээс бүх юм алган дээр дэлгэсэн юм шиг харагдана, ер нь л бүх нислэг маш сайхан байдаг. Хөвсгөлд нэг нисч байхад далавч хөлдөөд, газар буухдаа хунирчихдаг бол тэгэхэд яг тийм хөлдсөнөөрөө бууж байсан нь гоё харагдаж байсан.
Ж.Ч: Олон улсын хэмжээнд байнга тогтмол зохиогддог ямар тэмцээн байдаг вэ? Мөн зэрэглэл байх уу? Манай тамирчид тухайн зэрэглэлд хэрхэн бүртгэгдэж байдаг вэ?
Х.Т: Зэрэглэл байдаг тэгэхдээ GPS-р бүртгүүлчихдэг болохоор газардалгүй нисэх дэлхийн рекорд 500 км-ыг туулах. Энэ боломж монголд байгаа гэж бодогддог. Яагаад гэвэл монгол орон маань олон сайхан уултай, уудам сайхан талтай. Би одоо бас нэг хотоос гараад Замын-Үүд хүрэх парамоторын нислэг хийх гээд бэлдээд л яваад байгаа юм. Яг одоогоор бол тэгнэ, ингэнэ гэсэн зүйлгүй. 2007 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн гэж зохиогдсон. Сэлэнгийн Сайхан гэдэг сайхан газар бас нэг тэмцээн зохиогдож байсан. Дотооддоо бол зохиогдож байгаа тэмцээнээрээ нэг, хоёр, гуравдугаар зэргээ олгодог. Париглайдерээр спортын мастер болсон хүн гэвэл манай Александр багш л байна даа. Зэрэглэлд хүргэхийн тулд тэмцээн зохиох хэрэгтэй. Манай спортын мастерын цол хангах болзол саяхан агаарт буулгүй 120 км замыг туулбал гэж тотгоогдсон. Агаарын спортыг хөгжихөд гол гавьяатай хүн бол Сугар багш маань юм. Анх өөрөө делтаплан хийж нисч байсан нь Оргил делта клуб болж өргөжиж, хожим нь Алекс багш солонгост очиж париглайдерууд худалдаж авч клуб нээсэн нь одоо энэ Fly Mongolia клуб юм.
Ж.Ч: Агаарын спортын багш шавийн харилцааны онцлог юу вэ?
Х.Т: Бүгдээрээ нисэх гээд уулан дээр гарчихсан байхад аягүй гоё байдаг. Бие биеээ хүндлэнэ, хэн нь эхэлж нисэхэв, салхиа тооцоолно гэх зэргээс эхлээд бүгдээрээ нисэхэд нэг л сэтгэл хөөрөөд байдаг. Бие биенээсээ илүү гарах гэж тэмүүлж, улам сайн ниснэ. Эхлээд бид нар сайн чаддаггүй байхад багш нар түрүүлж нисээд зааварладаг байсан. Бууж ирээд нислэгийн тухай яриа хийнэ. Багш бидэнд гаргаж байсан алдаануудыг хэлж өгч, хүний амь нас гэдэг утгаараа маш хариуцлагатай ханддаг. Хүн нисэх болгондоо нэг юм сурна. Нислэг холдвол мэдрэмжээ алддаг, аль болох ойр ойрхон нисч байх хэрэгтэй.
Ж.Ч: Мэдрэмж гэдэг үгийг та юу гэж ойлгодог вэ?
Х.Т: Мэдрэмж гэдэг бол тухайн хүн юмыг яаж эзэмшсэн байн вэ, жишээ нь нисч байхад жаахан далавчны үзүүр хөдлөх шиг болоход энд нэг агаарын урсгал байна гэдгийг мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгээд тэр урсгал руу орж чадах юм бол өндрөө авч хөөрнө. Өндөр алдах гэж бий. Онгоц шиг өндөр хэмжих багж байхгүй учраас өндөр алдаж байна гэдгээ мэдэрч, газар хичнээн метрт ойртож байна гэдгээ тооцож байх хэрэг гардаг. Хараа мэдээж сайн байх хэрэгтэй. Газар, далавч хоёрын зайнд агаарын шахалт байдаг. Тэрэн дээр жаахан өндөр алдахыг мэдэрч цэг дээр буух ёстой. Бидний тэмцээний гол үзүүлэлт бол буух ёстой цэг дээр бууж байж оноогоо авна. Хоёр дугаарт алсын нислэг, хэн хол нисэх нь вэ гэдэг хоёр шалгуураар өрсөлддөг.
Ж.Ч: Ер нь эр хүний эр зориг, шийдэмгий байдал гэж юу вэ?
Х.Т: Агаарын спортоор хичээллэж байгаа хүмүүсийг харж байхад зоригтой байдал нь янз бүрийн зүйлс дээр анзаарагдаж, мэдрэгдэж байдаг. Хөвсгөлд явж байхад ангайсан мөсөн дээр, машин цөмрөөд уначихмаар зүйл байхад би бодох зүйлггүй гараад явж байсан. Хэрвээ өөртөө итгэлтэй чадна гэж бодож байвал айх шаардлага байхгүй. Сугар багш маань: “Чи айж байна уу, айж байна. Зөв айж байна гэдэг бол болгоомжлолж” гэж хэлдэг. Хулчийж айна гэдэг бол өөр асуудал шүү дээ. Жаахан айж байгаа мэдрэмжээ өөрийнхөө чадвараар удирдаж байх хэрэгтэй байх. Янз бүрийн асуудал тохиолддог л доо. Олон хөгжөөн дэмжигчтэй нисэхийг дэмий, - чамайг ямар мундаг нисдэг юм бэ гэж байвал хоёр дахиа шууд болих хэрэгтэй гэж багш маань захидаг. Аливаа юм шоу болоод ирэхээрээ алдаа гаргаж, анхаарал суларснаар цаана нь хүний амь бий гэдэг зүйлээ орхигдуулах гэмтэй. Эрүүл, зоригтой, зорилготой байх л хэрэгтэй дээ.
Ж.Ч: Париглайдерээр нисч болохгүй гэж хориглох эрүүл мэндийн ямар шалтгаанууд байдаг вэ?
Х.Т: Нүдний хараа сайн байхаас гадна, ямар нэгэн ясны бэртэлгүй байх шаардлагатай. Хүний яс нэг хугарчихаараа бүрэн бороолдоггүй, дараа нь амархан бэртэл авах эрсдэлтэй байдаг. Газар ойртоод ирэхэд буулт хийхдээ хөлөөрөө чангахан буухад өнөө яс маань хугарчихаж мэднэ. Бусад талаараа бол өөр шаардагдах зүйлс бол гайгүй шүү.
Ж.Ч: Агаарын нислэг бүрт хүний амь гэдэг ухагдахуун байгаа тухай та олонтаа хэлж байна. Ер нь хүний амь, хүний амьдрал гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
Х.Т: Агаарын спортыг цусаар бичигдсэн түүхтэй гэдэг. Амь даатгалыг хийлгэж аливаа эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ хүн өөрөө анхааралтай хандах нь зүйтэй. Өнөөдөр нэг хүн өвдөөд хэвтлээ гэхэд өөрөө дараа нь миний амьдралд учрах асуудлуудаа төсөөлж, түүнээсээ сэргийлэх байх. Париглайдерээр нисдэг гэж хэлэхээр хүн бүхэн УИХ гишүүн эндсэн нэг түүхийг ярьж асууж, агаарын нислэгийг их аюултай спорт гэж заавал үхэлтэй холбоотой гэж бодсон байдаг. Тийм айхтар нисээд амь алдчих зүйл бол үнэндээ биш л дээ. Авто машины ослоор хичнээн хүн өнгөрдөг билээ, гэтэл агаарын спортоор эндсэн нэг л тохиолдол бий.
Ж.Ч: Шүхэрч Буньяагийн домог дээр шүхэр монголоос гаралтай мэт сэтгэгдэл төрүүлдгийг та юу гэж боддог вэ?
Х.Т: Үнэхээр тийм зүйл хийгээд ниссэн байж магадгүй л юм. Хөвсгөлийн Гэлэнхүүгийн цохио гэж бий. Гэлэнхүү цохионы доор хонио бэлчээж байгаад өөрөө шүхэр хийгээд бууж байсан гэдэг болсон явдлын тухай яриа байдаг ба Хөвсгөлийн онгоцны буудлыг түүний нэрээр нэрлэсэн байдаг.
Ж.Ч: Хязгааргүй уудам зайд дураараа нисч явна гэдэг хүний сэтгэлийг бас тэлж, тайван уужим болгодог болов уу?
Х.Т: Нисэхэд сайхан байдгийг би хичнээн сайхан гэж хэлээд хүмүүс өөрөө л нисч үзэхгүй бол сайн мэдрэхгүй байх л даа. Дээр үеийн нисэгчид “нисмээр байна, газар дээр ялзарч дууслаа” гэж ярьдаг шиг нисэлгүй сар гаран болоод ирэхлээр л нисэхсэн гэсэн хүсэл бүр ундраад байдаг. Өглөө босоод цахилгаан станцын яндангийн утаагаар салхи ямар байгааг баримжаалдаг. Аль болох нислэгийнхээ хугацааны зайг алдахгүй байхыг хичээж долоо хоног тутам нисдэг.
Ж.Ч: Таны мөрөөдөл юу вэ?
Х.Т: Биднийг нисч байхад Баянзүрх хайрханы хойд энгэрт байсан моддын оронд ёрдойсон хожуулууд л үзэгдэж, энд тэнд мод огтолж, чирээд явж байгаа хүмүүс харагдана. Янз бүрийн алтны уурхай байна. Ер нь нисч байхдаа камер зүүж нисье гэж бодож агаарын зураглаач болохсон гэсэн мөрөөдөл тээж яваа. Гадны кинон дээр морьтой баатруудын ч юм уу, янз бүрийн үзэгдлийг агаар дээрээс авсан зураглал гоё харагддаг даа. Тэр зураглалыг онгоцоор авбал зардал өндөр бол бидний нисдэг париглайдерыг ашиглаж хийх боломжтой.
Ж.Ч: Агаарын спорт бол таны сонирхол харин эзэмшсэн мэргэжил тань юу вэ?
Х.Т: Камерны инженер мэргэжилтэй, Соёлын Сургуулийн Киноны ангийг төгссөн л дөө. Сургуульд сурсан зүйлсээ эргэцүүлж бодоод л байх нь ээ агаарын зураглаач болох хүсэл маань их боломжийн санагддаг. Нисч байхдаа авсан зураглалууддаа хөгжимтэй болгоод “Загсан нүд” – наадамд өгдөг ч юм уу гэж бодогдоно. Хүний хүрээгүй газрын, хараагүй өнцөгөөс авсан гоё зураг байж болно шүү дээ. Дараа нь хүнд үзүүлээд, ярьж суухад ч гэсэн урамтай, хүмүүс нисч байхыг үзээгүй л бол итгэл муутай, нисэхийг сайн төсөөлөхгүй шүү дээ.